

Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн зуслангийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал болон цаашдын бодлогын талаар ХГБХХГ-ын дарга Б.Баярсайхан мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 60 гаруй зуслан бүртгэлтэй байгаагаас энэ жилийн байдлаар 30 орчим зуслан тогтмол ажиллах төлөвтэй байгаа. Төрийн өмчийн зургаан зуслан үйл ажиллагаа явуулж байна. Үүнд “Найрамдал”, “Шонхор”, “Оч”, “Дөл”, “Найрамдлын эрдэнэс”, “Бүтэн өнчин хүүхдийн Энэрэл” зуслан багтаж байгаа юм. Мөн огт үйл ажиллагаа явуулдаггүй, эсвэл жилдээ ганц хоёрхон ээлж хүүхэд хүлээн авдаг жигд бус үйл ажиллагаатай зуслангууд ч байсаар байна.
Зусланд 6-18 насны хүүхдүүд хамрагддаг бөгөөд улсын хэмжээнд байгаа 956 мянган хүүхдийн 10 хүрэхгүй хувь нь л зусланд амарч, хөгжих боломжтой байна. Үлдсэн хүүхдүүд нь зусланд хамрагдаж чаддаггүй нөхцөл байдал үргэлжилж буйг онцоллоо.
Мөн улсын хэмжээнд бүх зусланд шалгалт хийсэн. Тухайлбал, өнгөрсөн жил 150 хүүхэд хоолны хордлогод өртсөн “Найрамдлын эрдэнэс” зусланд хяналт шалгалт хийж, зөвлөмж өгчээ.
Хүүхдийн зуслан Монгол Улсад анх 1926 онд “Хүүхдийг зуслангаар хөгжүүлье” гэсэн шийдвэрийн хүрээнд байгуулагдаж байсан түүхтэй. Харин 1980-аад оны үед Монгол Улсад 220 гаруй зуслан ажиллаж, аймаг бүр өөрийн харьяа зуслантай байжээ. Тухайн үеийн зуслангууд нь байгууллагын ажилчдын хүүхдүүдийг амрааж, хөгжүүлэх зорилготой байсан бөгөөд байгалийн үзэсгэлэнт бүсүүдэд байгуулагдсан байдаг. Харин өнөөдөр олон зуслан хувьчлагдаж, зарим нь амралт, аялал жуулчлал, архи цэнгээний чиглэлд ашиглагдаж буйг салбарынхан шүүмжилж байна.
Энэ жил зуслангийн багш, мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор Хонконг, Сингапур, Австрали зэрэг найман орны олон улсын зуслангийн 27 мэргэжилтнийг урьж авчирчээ.
Монголын зуслангийн холбоотой хамтран 32 олон улсын сертификаттай зуслангийн захирлыг бэлтгэж, 100 гаруй бүлгийн багшийг “Найрамдал” зусланд сургалтад хамруулсан байна.
Түүнчлэн хүүхдийн зусланг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, аюулгүй байдал, хоол хүнсний эрүүл ахуй, хүний нөөцийн чадавх, сургалтын хөтөлбөрийг сайжруулах чиглэлд анхаарч байгаа аж. Эцэг эхчүүдийн хамгийн их санаа зовдог тээвэрлэлт, хүүхдийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг ч мөн онцлон авч үзэж байгаа юм. Мөн Монголын эрдэмтэд, хүүхдийн байгууллагын багш нартай хамтран “Монгол өв соёлоо хадгалсан дэлхийн иргэнийг хэрхэн төлөвшүүлэх вэ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулжээ.
Албаныхны зүгээс хүүхдийн зусланг цэцэрлэгийн нэгэн адил стандарттай, дөрвөн улирал тогтмол ажилладаг байгууллага болгох зорилт тавьж байна. Энэ хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан шинэ загварын зуслан байгуулах асуудлыг хууль, эрх зүйн түвшинд тусгахаар ажиллаж байгаа аж.
“100 жилийн ойгоороо бид өнгөрсөн алдаагаа засч, энэ салбарыг дахин сэргээж, хүүхдүүдийн зусланг хүүхдүүдэд нь буцаан өгөх ёстой” хэмээн онцоллоо.
Мөн зуслангийн ач холбогдлын талаар “Төрийн сургуулиудын ихэнх нь хоёр ээлжээр хичээллэдэг учраас хүүхдүүд хөгжлийн дугуйлан, сургалтад хангалттай хамрагдах боломжгүй байдаг. Харин "Зуслан бол хүүхэд хөгжих, нийгэмших, авьяас чадвараа нээх чухал орчин” гэдгийг дурдлаа.
