Байгаль орчин
2026.06.02 13:30
354
3 настай охин унаж амиа алдсан уурхай гурван ашиглалтын лицензтэй байжээ

Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах Ар наймган гэх газарт алтны уурхайн өрөмдлөгийн 50 метрийн гүнтэй цооногт 3 настай охин унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг 2026 оны 5 сарын 27-ний өдөр гарсан.

Нээлттэй мэдээллийн систем дэх мэдээллээр Төв аймгийн хэмжээнд нийтдээ уул уурхайн тусгай зөвшөөрөл 371 байна.

Тэгвэл тухайн газарт үйл ажиллагаагаа явуулж байсан “Рэдвулкан” ХХК нь Төв аймгийн Арнаймган гэх газрын дээд хэсэг, доод хэсэг, болон хөндийн дээд хэсэг гэсэн 3 газарт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл”-ийн лицензтэй байсан байна.

Лицензийн хугацааны хувьд 1996-2046 оны хооронд хүчинтэй байгаа бөгөөд компанийн хувьд 2009 онд байгуулагдаж байжээ.  

Ашигт малтмалын компаниуд жил бүр тайлан явуулах ёстой байдаг боловч “Рэдвулкан” ХХК-ийн хувьд 2026 оны хайгуулын холбогдох  тайлан, төлөвлөгөөгөө  ирүүлээгүй байсан байна. Мөн "Рэдвулкан" ХХК нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан ажлыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэрэгжилтийг журамд заасны дагуу дүгнүүлээгүй, ашиглалтын талбайд хайгуулын ажил гүйцэтгэхдээ холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдээгүйгээр үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчил гаргасан байна. Жил бүр тухайн сум орон нутгийн ажилтан нөхөн сэргээлт болон хяналт шалгалтыг хийгээд тайлан мэдээгээ хүргүүлэх ёстой байдаг.

Гэтэл энэ цооног нь 2022 онд хийгдсэн цооног бөгөөд үүнээс хойш бөглөгдөгдөөгүй байгаа нь тухайн сум орон нутгийн шалгалт муу байгаа нь илт байна.

Төр, хувийн хэвшлийн хариуцлагагүй байдал, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоо сул, хяналт шалгалтын учир дутагдалтай байдлаас үүдэж хүүхдийн амь нас эрсэдсэн нь урьдчилан сэргийлэх боломжтой эрсдэлийг цаг тухайд нь арилгаагүйн эмгэнэлт үр дагавар боллоо.