

Сүүлийн зургаан жилийн хугацаанд орон сууцны залилан нэмэгдэж, 216 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Өөрөөр хэлбэл нийт залилангийн гэмт хэргийн 3.2 хувийг орон сууцны залилан эзэлж байна.
Үүн дээр ганцхан жишээ дурдахад “Эрхэт Монгол” групп нэгэн зэрэг гурван төсөл хэрэгжүүлэхээр иргэдээс захиалга авсан байдаг. Гэвч үүнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрөхөд өнөөдрийг хүртэл тус төслүүдийн аль нь ч ашиглалтад ороогүй.
Тодруулбал, 500 айлын “Гранд маршал” тансаг зэрэглэлийн хотхон, 600 айлын “Сити ресиденс” хотхоны төсөл, “Стандарт холдинг” ХХК-ийн 1200 айлын “Гранд ресиденс” хотхоны төсөлд “Эрхэт монгол” групп хамтарсан байдаг.
Харин 500 айлын “Гранд Маршал” хотхоны байр 300 саяас 4.3 тэрбум төгрөгийн үнэтэй
Мөн үүнээс өмнө 2018 онд МСНЭ-ийн ерөнхийлөгч асан, “Эрхэт Монгол” группын ТУЗ-ын дарга Х.Мандахбаяр сэтгүүлч ордон, 1000 сэтгүүлчийг орон сууцанд хамруулах төслийнхөө шавийг тавьсан. Гэвч үүнээс хойш нэг бүтэн төсөл хэрэгжүүлэлгүй, хаа сайгүй барилгын шав тавьж, медаль авсан тамирчин бүрд байр бэлэглэнэ гэж хамт патиар татуулснаас өөр ажил хийсэнгүй.
Харин гурван төслийн захиалагч нар нь 2021 оноос хойш хүлээж, насаараа цуглуулсан хөрөнгөө Х.Мандахбаярт алдаж, бүтэн амьдралаа самруулсан.

Хохирсон иргэдтэй холбогдоход, Олны танил эрхмүүдээр сурталчилгаа хийж, итгэл төрүүлж, захиалга өгөхөд хүргэсэн гэх.
Дээрх сурталчилгааг МУГЖ И.Одончимэг Т.Бархүү болон олны хэлдгээр инфлүүсер Д.Одзаяа болон түүний нөхөр Заяа нар хийсэн байдаг. Гэвч тэдний сурталчилгаанд итгэж олон зуун иргэн хохирсон байхад тэд өнөөдрийг хүртэл уг асуудлын талаар нүдэн балай чихэн дүлий байсаар байгаа юм.
Тиймээс инфлүүсерүүд тоглосон сурталчилгаагаараа иргэдийг хохироосон бол хариуцлагаа хүлээдэг тогтолцоотой болох шаардлагатай байгаа нь эндээс харагдаж байна.
Энэ мэт барилгынхаа шавийг ч тавилгүй иргэдээс захиалга авч олон зуун иргэнийг хохироох явдал гарсаар байна. Учир нь залилагч нарт хариуцлага тооцох тогтолцоо манай улсад бараг л алга. Тиймээс энд тэндгүй нүх ухаж, шавь тавьсан “барилгын оршуулгын газрууд” Улаанбаатар хот даяар хөглөрсөөр байна.
