Байгаль орчин
2026.06.03 14:42
541
Монголын сайхан орон цөл болох учиргүй

 

Монголчууд бид "Монголын сайхан эх орон" хэмээн бахархан омогших дуртай ард түмэн билээ. Гэвч өнөөдөр энэхүү бидний бахархал болсон газар нутаг маань аажмаар элсэнд дарагдаж, ургамал ногоо нь ховордож, гол горхи нь ширгэж байна. Энэ бол цөлжилт. Цөлжилт нь удаан хугацаагаар үргэлжлэх газар доройтох үйл явц бөгөөд хамгийн төгсгөлийн үе шат нь цөл.

Монгол орны хувьд нийт нутгийн 77.8 хувь нь цөлжилтөд өртөөд байна.

Монгол улсын хувьд газарзүйн байршил, эрс тэс уур амьсгалаас шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөж буй 10 орны нэг бөгөөд энэ өөрчлөлтөөс болоод дулааны улиралд орох хур тунадасны хэмжээ буурч цөлжилт эрчимжиж байна. Цөлжилт бол зөвхөн байгаль орчны асуудал биш. Энэ нь малчны амьдрал, хотын иргэдийн эрүүл мэнд, улсын эдийн засаг, ирээдүй хойч үеийн амьдрах орчинтой шууд холбоотой асуудал юм.

Нэгэн цагт ногоорон харагддаг байсан бэлчээр өнөөдөр халцарч, тоос шороо татуулсан тал болон хувирчээ.

Байгалийн хүчин зүйл хийгээд хүний үйл ажиллагаанаас шалтгаалах хүчин зүйл цөлжилтөд хүргэдэг. Уур амьсгалын өөрчлөлтөөс гадна хүний буруутай үйл ажиллагаа цөлжилтийг улам хурдасгаж байна. Бэлчээрийн даац хэтрүүлэх, мод огтлох, уул уурхайн нөхөн сэргээлтийг хангалтгүй хийх зэрэг нь хөрсийг доройтуулж, байгаль өөрийгөө нөхөн сэргээх боломжийг нь хязгаарлаж байна.

Хамгийн харамсалтай нь цөлжилт өнөөдөр бидэнд төдийлөн мэдрэгдэхгүй байж болох ч маргааш бидний хүүхдүүдэд хамгийн хүндээр тусна. Өнөөдөр тарьж чадаагүй нэг мод маргаашийн сүүдрийг үгүй болгоно. Өнөөдөр хамгаалж чадаагүй нэг булаг маргаашийн ундны ус болох боломжоо алдана.

Бид байгалиас зөвхөн авч өгөхөө мэдэхгүй хэрэглэсээр байвал нэг өдөр авах зүйл юу ч үгүй үлдэнэ.