Улс төр
7 цагийн дараа
87
Ө.Шижир: 14 жилийн турш баригдаж байгаа цэцэрлэгийн барилга байна

Анхны төсөвт өртөгөө нэмэгдүүлсэн төслүүдийн талаар УИХ-ын гишүүн Ө.Шижир дараах зүйлийг хэллээ. 

2025 оны улсын төсөв хэлэлцэх үеэр төсөвт өртөг нь удаа дараа нэмэгдсэн барилга байгууламжуудын асуудал хөндөгдсөн. Тухайн үед хийсэн шалгалтаар Чингэлтэй дүүрэгт 14 жилийн турш баригдаж буй цэцэрлэгийн барилга байгааг онцолсон юм. Түүнчлэн 18-аас дээш жил үргэлжилсэн төсөл ч байсан бөгөөд 5-аас дээш жил болсон барилгын нийт 42 төсөл бүртгэгджээ.

Зарим төслийн төсөвт өртөг анхны батлагдсан дүнгээсээ 300 дахин өссөн тохиолдол хүртэл байна. Иймээс эдгээрийг дуусгах сонирхолгүйгээр удаашруулж байгаа барилга байгууламжууд гэж хардах үндэслэл бий. Нөгөө талаар энэ нь авлигын томоохон сүлжээ байж болзошгүй асуудал хэмээн шүүмжлэх хүмүүс ч байна.

Тодруулбал, 2024 онд төсөвт өртөг нь нэмэгдсэн төслүүдэд 1.6 их наяд төгрөг, 2025 онд 971.3 тэрбум төгрөг, 2026 онд 805 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөжээ.

Ингэснээр сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 3.6 их наяд төгрөгийг өмнө нь эхэлсэн төслүүдийн санхүүжилтэд чиглүүлсэн гэсэн үг. Уг нь энэ хэмжээний хөрөнгө шинэ бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад зориулагдах боломжтой байсан ч хуучин төслүүдийг санхүүжүүлэхэд үргэлжлэн зарцуулсаар байна.

Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн барилгын дундаж хугацаа 3.3 жил, өргөтгөлийн барилга 2.7 жил, цэцэрлэгийн барилга 2.2 жил, дотуур байрны барилга 1.8 жил байгаа нь анхаарал татаж байна.

600 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн дотуур байрыг ийм урт хугацаанд барьж байгаа нь төрийн бүтээн байгуулалтын үр ашигт эргэлзэхэд хүргэж байна.

Хувийн хэвшлийн компаниуд 100 хүүхдийн дотуур байрны барилгыг нэг улирал, нэг жилийн дотор ашиглалтад оруулах боломжтой гэж үздэг. Гэтэл төр сургууль, цэцэрлэгийн барилгыг хэдэн жилийн турш барьж дуусгаж чадахгүй байна. Төр нь сургууль цэцэрлэгийн барилгыг 3 жилийн дотор барьж чаддаггүй гэтэл Б.Чойжилсүрэн сайд 2000 хүний орон сууцыг нэг жилийн дотор барьж байна. Харьцуулаад харахад төр юу ч хийж чадахгүй байна.