

Ардын хүүхдүүд эндэж, алба хаагчид нь эрсдсэн ч уснаас хуурай гарчихдаг Г.Ариунбуян гэж хэн бэ?
Онцгой байдлын алба хаагчдын техник тоног төхөөрөмж, зориулалтын хамгаалах хувцас хангалтгүй гэдгийг бид олон жишээнээс харсан. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд "Цэнгэлдэх” хотхонд гарсан гал, цооногт унаж амиа алдсан гуравхан настай охин ОБЕГ-ын өнөөдрийн дүр төрхийг томруунаар харуулчихлаа.
14 давхраас дээш гарах аврах шатгүй, ашиглах боломжгүй туршилтын хоёрхон дронтой, 30 метрийн гүнд байгаа бяцхан охиныг аврах зориулалтын төхөөрөмжгүй 60 гаруй цаг алба хаагчид улаан гараараа үзлээ.
"Миний дэлгүүр"-т гарсан галыг унтраахаар ажиллаж байхдаа амиа алдсан алба хаагч, гацуур мод шатсанаас болж хотхонд гарсан галыг унтраахаар ороод өөрөө эргэж ирээгүй алба хаагч, Дүнжингаравын дэлбэрэлтэд өртөж амиа алдсан гурван алба хаагчийн амь насыг бид хэнээс нэхэх вэ?
"Бидний байгаа боломж л энэ" гээд хээв нэг зогсож байгаа Бригадын генерал Г.Ариунбуян 2015 оноос ОБЕГ-ын дэд дарга, 2017 оноос ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, 2020 оноос хойш Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж буй.
Онцгой байдлын ерөнхий газрын төсөв 2024 оноос хойш хоёр дахин нэмэгдсэн ч дорвитой үр дүн гарсангүй, үйл ажиллагаа нь сайжирсангүй.
Шадар сайд Т.Номтойбаяр "Энэ хариуцлагагүй байдлын цаана системчлэгдсэн авлигал байдаг юм байна. Ашиг сонирхлын зөрчилтэй маш олон нөхөд өндөр албан тушаал дээр сууж байна. Бүгдийг нь чөлөөлөх, халах ажлыг би хийнэ" хэмээн мэдэгдсэн юм.
Нэргэсэн хойно нь хашхираад л өнгөрөх биш хариуцлага тооцдог тогтолцоо бидэнд хэрэгтэй!
