

Хүүхэд хамгааллын тухай хууль болон Үндэсний их баяр наадмын тухай хуульд хурдан морины уралдаанч хүүхдийн насыг 8 болон түүнээс дээш байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, хурдан морины уралдаанд оролцохдоо хүүхэд хоногоороо бүтэн 8 нас хүрсэн байх ёстой. Зарим уяачид хоногоороо 8 нас хүрээгүй хүүхдийг морь унуулах, “маргааш 8 нас хүрнэ” гэх шалтгаан хэлэх тохиолдол гардаг талаар ХГХХГ-аас мэдээллээ.
Олон улсын байгууллагуудаас 18 нас хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулахгүй байх тухай зөвлөмжийг манай улсад хүргүүлдэг.
Гэвч Монголын өв уламжлал, Үндэсний их баяр наадмын онцлог, хүүхэд морь унадаг уламжлал тогтсон байдлыг харгалзан өмнө нь 7 нас байсан босгыг 8 нас болгон нэмэгдүүлж, хамгийн боломжит хувилбар дээр тогтсон.
Хурдан морины уралдаанч хүүхэд стандартын шаардлага хангасан малгай, хантааз, өвдгөвч, тохойвч болон шилбэ барьсан, шагай давсан гуталтай байх шаардлагатай. Уралдаан эхлэх үед “холоос ирсэн”, “гуталгүй” гэх мэт шалтгаан гаргах тохиолдол байдаг. Гэвч энэ жилээс ийм шалтгааныг хүлээн зөвшөөрөхгүй.
Баяр наадмын үеэр хурдан морины уралдаанч хүүхдүүд хамгаалах хувцас хэрэгслээ өмсөж хэвшсэн боловч стандартын шаардлага хангасан хамгаалалтын гутлын хэрэглээ хангалтгүй байна. Энэ жилээс үүнд илүү анхаарч ажиллана.
Уяач нарт стандартын шаардлага хангасан гуталтай байх шаардлагыг хүргүүлж байна.
Хурдан морины уралдаанд оролцохдоо дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
Санхүүгийн зохицуулах хорооноос эрх авсан 9 даатгалын компанийн аль нэгээр даатгал хийлгэсэн байх шаардлагатай.
Хурдан морины уралдаанч хүүхдийн даатгал бүтэн жилийн хугацаанд хүчинтэй байна. Хурдан морь унах хугацааг хуулиар тавдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл гэж заасан байдаг ч даатгалын үйлчилгээ нь зөвхөн морин уралдаан, сунгааны үеэр морьноос унаж бэртсэн тохиолдолд бус, ахуйн хүрээний болон зам тээврийн осол зэрэг бүх төрлийн осол, гэмтэлд хүчинтэй үйлчилнэ.
Хурдан морины уралдаанч хүүхэд морьноос унаж гэмтэн, даатгалын нөхөн төлбөр авах шаардлагатай болсон тохиолдолд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас даатгалын байгууллагатай холбогдон нөхөн төлбөрийг шийдвэрлүүлнэ.
Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын суурь хураамж 100 мянган төгрөг, нөхөн төлбөрийн хэмжээ 20 сая төгрөг байсныг шинэчилж, суурь хураамжийг 250 мянган төгрөг, нөхөн төлбөрийг 100 сая төгрөг хүртэл байхаар зохицууллаа. Энэхүү шинэчилсэн зохицуулалт 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжинэ гэж ХГБХГ мэдээллээ.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27 дугаар зүйлд уяачийн хариуцлагыг тусгасан байдаг. Хурдан морины уралдаан, сунгаа, бэлтгэлийн аль ч үед хүүхдэд хамгаалах хувцас хэрэгслийг бүрэн өмсүүлж, 8 болон түүнээс дээш насны хүүхдийг морь унуулах ёстой. Дээрх шаардлагыг зөрчсөн тохиолдолд цагдаагийн байгууллага болон хүүхдийн эрхийн улсын байцаагч хамтран зохих арга хэмжээг авна.
