
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, санал авах хэлэлцүүлгийг энэ сарын 10-ны өдөр Төрийн орны “Их Засаг” танхимд зохион байгуулах гэж байна.

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн санаачлан, өнгөрөгч 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Нийгмийн ажлын тухай болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ. Хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн юм.
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэгээр ахлуулан байгуулаад байна.
Байнгын хороо, ажлын хэсгээс хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг нээлттэй явуулах бөгөөд оролцогчдыг маргаашийн буюу энэ сарын 09-ны өдрийн 17:30 цаг хүртэл бүртгэж байна. Та хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл зураг дээрх QR кодыг уншуулж бүртгүүлээрэй гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
