Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
129
“Posco” групп хөрөнгө оруулалтын шинэ зам гаргах уу

БНСУ-ын аж үйлдвэрийн хөгжлийн бэлгэдэл гэгддэг “POSCO” группийн “POSCO international” корпорацийн Дэд ерөнхийлөгч Жон Гён Жин энэ 7 хоногт манай улсад ирэх юм.

“Эрдэнэс Монгол” нэгдэл хагас жилийн хугацаанд хамтын ажиллагааны санал, санаачилга гаргаж ажилласны үр дүнд олон улсын томоохон хөрөнгө оруулагч манай улсын хаалгыг татах гэж буй нь энэ.

Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн аварга том компаниудын нэгд зүй ёсоор тооцогддог “POSCO” групп 1968 онд байгуулагдсан. Өдгөө гангийн үйлдвэрлэлээс гадна эрчим хүч, дэд бүтэц, барилга, худалдаа, логистикийн салбарт дэлхийн томоохон тоглогч болтлоо өргөжин тэлжээ. Тус группийн “POSCO international” корпорацийн хувьд 51 улсад 128 салбар төлөөлөгчийн газартай. Группийнхээ олон улсын худалдаа, эрчим хүч, цахилгаан автомашины нийлүүлэлтийн сүлжээ, ХАА болон био материалын бизнесийг хариуцдаг. Жилд ойролцоогоор 20 сая орчим тонн ган бүтээгдэхүүн борлуулдаг гэсэн аварга статистик тус корпорацийг дагалддаг. 2025 онд 21.2 тэрбум долларын борлуулалт хийж, 763 сая долларын цэвэр ашигтай ажиллажээ.

“POSCO international” корпорацийн Дэд ерөнхийлөгч Жон Гён Жин Монголд байх хугацаандаа “Эрдэнэс Монгол” нэгдэлтэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Энэхүү үйл явдал нь аж үйлдвэрийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт татах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, шинэ технологи нэвтрүүлэх зэрэгт түлхэц өгсөн бодит алхам болох юм.