Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Спорт
5 цагийн дараа
148
“Заан жимни” зургаа дахь жилдээ гардуулна

Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ) болон Бридж Корпорац нь 2026 онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд тунан барилдаж давсан бөхөд 3 хаалгат “ЗААН ЖИМНИ” автомашиныг бай шагнал болгон гардуулах хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

Монголын хувийн хэвшлийн ууган компаниудын нэг болох Бридж Корпорац нь “Аливаа улс үндэстэн өөрийн үндэсний соёл, уламжлал, ёс заншилдаа тулгуурлан хөгжих нь хамгийн зөв зам мөн” гэсэн үзэл баримтлалыг эрхэмлэн ажилладаг. Энэхүү үзэл санааныхаа хүрээнд Монголын үндэсний бөхийг дэмжих, залуу үед өв соёлоо хайрлан дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Бөхийн өргөө байгуулагдах үед томоохон санхүүгийн дэмжлэг үзүүлж, мөн “Баянзүрх хайрхны хишиг” хүчит бөхийн барилдааныг 14 жилийн турш ивээн тэтгэн хамтран зохион байгуулсан. Түүнчлэн Бридж Корпорац нь 2020 оноос эхлэн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд тунан барилдаж давсан бөхөд “ЗААН ЖИМНИ” автомашиныг бай шагнал болгон гардуулж ирсэн бөгөөд энэхүү уламжлал энэ жил зургаа дахь жилдээ үргэлжлэхээр боллоо.

“Заан Жимни” буюу 3 хаалгат Suzuki Jimny нь 2018 онд танилцуулагдсан дөрөвдүгээр үеийн загвар бөгөөд бартаат замын өндөр чадвар, авсаархан хийц, найдвартай ажиллагаагаараа дэлхий даяар хэрэглэгчдийн талархлыг хүлээж, “Хот, хөдөөгийн хосолмол хэрэглээнд илүү нийцтэй автомашин” хэмээн олон улсын хэмжээнд үнэлэгдэж ирсэн автомашин юм. Мөн Suzuki Jimny нь Чили улсын Охос-дель-Саладо галт уулын 6,668 метрийн өндөрт гарч, Гиннесийн дээд амжилтын бүртгэлд бичигдсэнээрээ алдартай. Үүнээс гадна утаа ялгаруулалт болон дуу чимээний олон улсын хамгийн сүүлийн үеийн стандартын шаардлагыг бүрэн хангаж, байгаль орчинд ээлтэй автомашины нэгт тооцогддог. Харин Монгол орны нөхцөлд Suzuki Jimny нь бартаат зам туулах чадвар, түлшний хэмнэлт, ашиглалтын найдвартай байдлаараа авто спорт сонирхогчид болон авто аялагчдын дунд хэдийнээ танигдсан загвар болсон бөгөөд Монголын эрс тэс уур амьсгал, газар зүйн онцлогт бүрэн нийцсэн автомашин гэдгээрээ онцлог юм.

Монголын Үндэсний Бөхийн Холбоо болон Бридж Корпорац 2026 оны зургаадугаар сарын 11-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, “Заан Жимни” бай шагналыг зургаа дахь жилдээ үргэлжлүүлэн гардуулахаар болсноо мэдэгдлээ. Уг санамж бичигт “Бридж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.БАТЗОРИГ, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжав нар гарын үсэг зурж, хамтын ажиллагааг албан ёсоор баталгаажуулав.

Өмнөх жилүүдэд: 2020 онд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарьд М.Бадарч 2022 онд Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан М.Лхагвагэрэл 2023 онд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон 2024 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Б.Орхонбаяр 2025 онд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын арслан Э.Батмагнай нар тус тус бяр чадал, уран мэхээ уралдуулан “Заан Жимни”-гийн эзэд болсон бөгөөд тэдгээрээс улсын наадамд түрүүлсэн аваргууд ч төрөн гарсан. “ЗААН ЖИМНИ” бай шагнал нь зөвхөн автомашин гардуулдаг уламжлал бус, бөх хүний хүч чадал, хичээл зүтгэл, тэсвэр хатуужлыг алдаршуулсан бэлгэдэл болсоор ирсэн. Мөн Монголын өв соёл, үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлж, залуу үед уламжлалт үнэт зүйлсийг өвлүүлэхийн зэрэгцээ аварга цолны босго болсон “Заан” цолны үнэ цэнэ, сүр хүчийг олон нийтэд сурталчлан таниулахад бодит хувь нэмэр оруулж байна.

Мөн “Бридж” ХХК -ийн зүгээс бөх сонирхогчдынхоо дунд Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд тунан барилдаж давсан бөхөд 3 хаалгат “ЗААН ЖИМНИ” автомашины “ЗААН ЖИМНИ”-ийн эзэн хэний хэн гэдэг бөх байх бол?" гэсэн шагналт асуулгыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан “Наадмын сорилго барилдаан” -ны үеэр үзэгчдийн төлөөллүүдээс авсан байна. Уг асуулгад оролцсон бөх сонирхогч, наадамчин олны таамаг мэргэн байх болтугай.

“БАРТААТ ЗАМЫН БААТАР, БОДИТ ХЭМНЭЛТИЙН ГАЙХАМШИГ” СҮЗҮКИ ЖИМНИ