

УИХ-ын гишүүн П.Мөнхтулга Хаврын морин уралдааныг шинийн 15-ны дотор зохион байгуулах хуулийн төслийг өргөн барьж байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Өвөрхангай, Архангй, Баянхонгор аймгаар малчидтайгаа уулзалт хийгээд ирлээ. Малчдын зүгээс баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж өгөөч гэх саналыг их тавьж байна. Учир нь хаврын морин уралдааныг тавдугаар сараас хойш гэж хуульчилсан нь тоос шороо ихтэй, малын үе суларсан үед хийж байгаа нь хүүхдэд бүр их эрсдэлтэй нөхцөл бий болгодог. Малын үе суларна гэдэг тамир тэнхээгээ шавхан хавартай золгож байх үе. Ийм үед нь морин уралдаан хийх нь бүдэрч унах эрсдэл илүү их. Бид Дүнжингаравын уралдааныг шинийн 15-нд багтаан хийж, бие биентэйгээ золгодог байсан. Гэвч энэ нь тавдугаар сар болж хойшлохоор уламжлал талаасаа ч, мал аж ахуй, хүүхдийн аюулгүй байдал талаасаа болохгүй байна гэх хүсэлтийг иргэд малчид их тавилаа. Иймээс шинийн 15-ндаа багтаж уралддаг болъё гэх нэмэлт өөрчлөлтийг хийж байна. Хэрэв батлагдвал хамгийн ойрын цагаас сараас хэрэгжиж эхэлнэ гэж заасан. Хүүхдүүдээс санал авахаар шороо тоосон дунд юу ч хардаггүй, харин цастай үед зузаан хувцастай, унасан ч халцарсан шороон дээр биш зөөлөн цасан дээр унах нь илүү аюулгүй. Харин ч тавдугаар сарын 1-н болж хойшлохоор бүр аюултай болдог гэх хүсэлт өгч байгаа" гэлээ.
