

УИХ-ын гишүүн М.Мандхай нарын өргөн барьсан Хүнсний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Мандхайгаас тодрууллаа. Тэрээр "Хүний амаар орж байгаа хүнс бол эрүүл мэнд, амьдралын чанартай шууд холбоотой. Үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үздэг. Бидний идэж байгаа хоол хүнс эрүүл, аюулгүй байх баталгаатай тэр байтугай тусгаар тогтнол бэхжих асуудалд хүнс хамгийн чухал. Энэ чухал асуудлын эрх зүйн орчныг 14 жилийн дараа сайжруулж, эцсийн хэлэлцүүлэгт шилжлээ. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэгдүгээрт монгол хүний хүнсний шим тэжээлийн аюулгүй, баталгаатай байдалд анхаарсан. Хоёрдугаарт, нялх балчир хүүхдийн хоол шим тэжээл, илчлэг, баталгаатай байх тал дээр хуульчилж өгсөн. Хүнс үйлдвэрлэлд дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зохицуулалт оруулж өгсөн. Дотоодод үйлдвэрлэж байгаа хүнс нэн тэргүүнд дотоодын хэрэгцээгээ хангасны дараа экспортолдог байх ёстой. Бидний хоол хүнсийг бэлдэж буй ресторан, цайны газар ажиллаж байгаа ажилчид гараа тогтмол угаадаг байхыг, мах ногоо, талхны гамбанзаа холихгүй байх энгийн эрүүл ахуйн шаардлага хангасан дадлыг хуулиар зохицуулж өгснөөрөө онцлог боллоо" гэлээ.
