

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг Завхан аймгийн Баянтэс суманд ажиллав. Тэрээр алслагдсан сумын төлөөлөл болсон 70 гаруй намын гишүүдтэй уулзаж, Засгийн газар, УИХ-аас гаргасан шийдвэр болон Монгол Ардын намын бодлого, намын даргын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга, E4 стратеги, мөн Enam 3.0 платформын талаар товч мэдээлэл өгч намын шинэ гишүүдэд бат илэрхийлэх гардуулав.

Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Завхан аймгийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Д.Пүрэвдорж, тэргүүтэй төлөөлөгчид Баянтэс суманд ажиллах үеэрээ гишүүн төвтэй намын үзэл баримтлал болон намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны талаар чөлөөт ярилцлагыг намын гишүүдтэй хийлээ.

Баянтэс сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлийг ахмадууд дэмжиж байгаагаа илэрхийллээ. Харин залуус татварын тогтолцоо тэр дундаа хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэргийг шатлалтай болгохыг зайлшгүй хэрэгжүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх санаачилгуудыг хэлж байлаа.

Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал Малчдын эрх зүйн байдлыг дээшлүүлэх, тэдний залгамж халааг бэлтгэх, нүүдлийн өв соёлоо хамгаалах зорилгоор “Нарлаг монголын малчин” хөтөлбөрийг санаачилсан. Хөтөлбөрт малчдын эрх ашгийг бодлогын цөмд нэгтгэх, орлогыг төрөлжүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилтой. Мөн бэлчээрийн доройтлыг бууруулж, байгалиа хамгаалах замаар орлогоо нэмэгдүүлэх шинэ боломжийг малчдад санал болгож байгаа юм.
Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэгээр ахлуулсан баг Завхан аймгийн Тэс суманд томилолтоо үргэлжлүүлж байна.



