

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Олон түвшний уулзвар” төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү төсөл нь хотын төвийн түгжрэлийг бууруулах, уулзваруудын саатлыг багасгах, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг сайжруулахад чиглэж байгаа юм. Төслийн хүрээнд гүүрэн болон нүхэн гарц бүхий уулзваруудыг үе шаттайгаар байгуулна.
Төслийн 18 байршлаас эхний ээлжийн таван байршил болох Сонгинохайрхан дүүрэг, Моносын уулзвар, Хан-Уул дүүрэг, Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар, Баянзүрх дүүрэг, Офицер уулзвар, Наадамчидын зам, явган гүүр болон Баянзүрх дүүрэг, 42 хороо, Нарт хотхоноос зүүн тийш гүүр гэсэн таван байршлуудад инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажил хийгдэж холбогдох түгээгч, хангагч байгууллагуудтай зөвшилцөж дууссан бөгөөд Зам тээврийн хөгжлийн төвөөр магадлуулах ажил хийгдэж байна.
Мөн инженерийн шугам сүлжээний зураг төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудтай зөвшилцөн, магадлалын шатанд ажил үргэлжилж байна.
Төслийг бүрэн хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэж, түгжрэлийн түвшин мэдэгдэхүйц буурна гэсэн судалгаа гарсан байна.
Төслийн хүрээнд хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад гүүрэн байгууламж, нүхэн гарц, олон түвшний уулзварыг шинээр барьж байгуулан, тээврийн хэрэгслийн урсгалыг огтлолцолгүй, саадгүй зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр уулзвар дээрх хүлээлгийн хугацаа багасч, хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэхийн зэрэгцээ зам тээврийн ослын эрсдэл буурах ач холбогдолтой юм.
Түүнчлэн дэлхийн хотуудын туршлагаас харахад олон түвшний уулзвар нь хөдөлгөөнийг тасралтгүй болгож, зорчих хугацааг буруулснаар иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, хотын эдийн засгийн идэвхийг дэмжих үр ашигтай байдаг.
