Бусад
5 цагийн дараа
86
Залуучуудад ээлтэй ажлын байрны соёлыг нэвтрүүлэхээр ОУХБ-ын SCORE HoCo хөтөлбөр зочлох үйлчилгээний салбарт хэрэгжиж эхэллээ

Улаанбаатар хот, 2026 оны 6 сарын 15 – Дэлхийн 30 гаруй улсад хэрэгжиж буй Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын аж ахуйн нэгж, байгууллагын бүтээмж, өрсөлдөх чадвар, засаглалыг бэхжүүлэх SCORE хөтөлбөрийг ОУХБ-ын Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (YEPP) төслийн хүрээнд 2025 онд ноолуурын салбарт амжилттай нэвтрүүлсэн бөгөөд энэхүү туршлагад үндэслэн 2026 онд Монгол Улсад анх удаагаа зочлох үйлчилгээний салбарт өргөжүүлэн хэрэгжүүлж байна.

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар батласан 5-р тогтоолын 5.3.5-д Хүний нөөц, залуу ажилтны хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, идэвхжүүлэх, хөгжүүлэхэд чиглэсэн SCORE хөтөлбөрийг аж ахуйн нэгж, байгууллагад нэвтрүүлэх дэмжлэгийн арга хэмжээний хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон YEPP төсөлийн хамтарсан санхүүжилтээр хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

SCORE HoCo (Hospitality Competitiveness Programme) хөтөлбөр нь зочлох үйлчилгээний салбарын ААНБ-ын бүтээмж, үйлчилгээний чанар, үйлчилгээний стандарт, хүний нөөцийн менежмент болон ажлын байрны хамтын ажиллагааг сайжруулахын зэрэгцээ хариуцлагатай аялал жуулчлал, байгаль орчинд ээлтэй бизнесийн арга барил, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжихэд чиглэж байна. Ингэснээр залуучуудад тогтвортой, чанартай ажлын байр бий болгож, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

Энэ удаагийн хөтөлбөрт Алунгоо Лодж Тэрэлж, Тэрэлж Хиллс Лодж, Тэрэлж Маунтин Лодж, Эм Эс Интернэшнл Хотел, Пума Империал Хотел, Мэй Севен Хотел болон Альфа Хотел зэрэг долоон аж ахуйн нэгж хамрагдаж байна.

Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр болж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, нийгмийн түншлэгч талууд, оролцогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, олон улсын зөвлөх болон үндэсний сургагч багш нар оролцлоо.

Нээлтийн арга хэмжээний үеэр ОУХБ-ын БНХАУ болон Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чан Хи Ли:

"Монгол Улсын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ үед үйлчилгээний чанар, ажилтнуудын ур чадвар, ажлын байрны хамтын ажиллагааг сайжруулах нь нэн чухал билээ. Тиймээс ОУХБ-ын SCORE HoCo хөтөлбөрөөр дамжуулан аж ахуйн нэгжүүд үйлчилгээний чанар, бүтээмжээ сайжруулахын зэрэгцээ залуу ажилтнуудын ур чадварыг хөгжүүлж, илүү тогтвортой, хүртээмжтэй ажлын байр бий болгоно гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

2026 оны SCORE HoCo хөтөлбөр нь төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын хамтарсан санхүүжилтийн загвараар хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Хөтөлбөрийн санхүүжилтийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, оролцогч аж ахуйн нэгжүүд болон ОУХБ-ын БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (YEPP) төсөл хамтран бүрдүүлж байна.

SCORE HoCo хөтөлбөрийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон бусад түнш байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.