Нийгэм
6 цагийн дараа
93
Сэтгэл гутрал сул дорой байдлын шинж биш

Монгол Улс амиа хорлолтын үзүүлэлтээр Азид хоёрдугаарт орж байна. Амиа хорлолт янз бүрийн шалтгаантай байдаг бөгөөд зарим хүн урьдчилан төлөвлөж, зарим нь архи, согтууруулах ундаа болон бусад бодисын нөлөөнд байх үедээ ийм үйлдэл гаргадаг.

Эрэгтэйчүүдийн дунд амиа хорлолтын түвшин өндөр байдаг нь ихэвчлэн буцаах боломжгүй, өндөр эрсдэлтэй аргыг сонгодогтой холбоотой. Манай улсын хувьд соёлын онцлог ч нөлөөлдөг. Бага наснаас нь “эр хүн уйлж болохгүй”, “эмзэг байдлаа харуулж болохгүй” гэж сургадаг учраас хүүхдүүд мэдрэмжээ илэрхийлэх ёстой гэдгийг ойлголгүй өсөх нь бий. Эрэгтэй хүн бүхнийг дотроо тунгааж, өөрөө шийдэх ёстой гэсэн ойлголт түгээмэл байна.

Хэрэв хүүхдийг сэтгэл зүйн хувьд тогтвортой өсгөе гэвэл багаас нь мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлдэг байх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Хүүхэд хэцүү зүйлээ яривал буруутгахын оронд “Би чамайг ойлгохыг хичээж байна. Чамд яаж туслах вэ?” гэж асууж, хамтдаа шийдэл хайдаг байх нь чухал. Гэвч өнөөдөр олон хүн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагддаггүй хэвээр байна. Амиа хорлох бодолтой байсан ч мэргэжлийн сэтгэл зүйн тусламж авсан хүмүүсийн дунд эерэг үр дүн өндөр байдаг.

Сэтгэцийн эмгэг, сэтгэл гутрал хэнд ч тохиолдож болно. Энэ нь хүнийг сул дорой, буруу хүн гэсэн үг биш. Харин тусламж хүсэж, эмчилгээ авах нь өөрийгөө хайрлаж, өөртөө хариуцлагатай хандаж байгаагийн илрэл юм.

Цээж өвдсөн хүн эмнэлэгт яаралтай ханддагтай адил сэтгэл тань өвдөж, удаан хугацаанд зовоож байвал мэргэжлийн тусламж үйлчилгээ авах хэрэгтэй. Эмч, мэргэжилтнүүд танд туслахад үргэлж бэлэн байдаг гэдгийг ойлгох нь чухал. Мөн бид бие биедээ илүү анхааралтай, хайртай хандах хэрэгтэй. Эрэгтэйчүүдийн сэтгэл гутралын талаар ярихад “эмэгтэйчүүд гутардаггүй юм уу” гэж асуух нь бий. Үнэндээ эрэгтэй, эмэгтэй хэн ч байсан сэтгэл гутралд өртөж болно. Тиймээс бие биеэ ойлгож, ярилцаж сурах хэрэгтэй.

Гэхдээ ярилцана гэдэг сонсогдож байгаа шигээ амар зүйл биш. Эхнэр нөхөр хоёр ярилцсан ч ойлголцож чадахгүй байх тохиолдол бий. Нөхөр нь эхнэртээ, эхнэр нь нөхөртөө стресс өгч болно. Аль аль нь хэлээгүй зүйл, нууцтай байж болно. Хэрэв өөрсдөө ярилцаад үр дүнд хүрэхгүй бол хамтдаа сэтгэцийн эмч, сэтгэл зүйчид хандахаас бүү татгалзаарай. Хүүхэдтэйгээ ойлголцож чадахгүй байгаа бол мөн адил мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Хүний сэтгэл зүй маш нарийн зүйл учраас зөвлөгөөний нийтлэл уншаад л бүх зүйл сайжирчихдаггүй.

Тиймээс асуудлаа ганцаараа давах гэж оролдохын оронд мэргэжлийн тусламж үйлчилгээнд цаг алдалгүй хамрагдаарай.

 

Эх сурвалж: АШУҮИС-ийн сэтгэцийн тэнхимийн багш, МЯСЭ-ийн сэтгэцийн эмч Б.Баасандорж