Бусад
2026.06.16 11:08
332
Төрдөө залилуулсан орон гэргүй иргэд

Нийслэлийн зөвшөөрөлтэйгээр Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрийг 2021 онд дахин төлөвлөлтөд хамруулж, “Андын Зам Констракшн” ХХК тухайн төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төсөлд итгэсэн 557 өрх айл газар, хашаа байшингаа чөлөөлж, 400 гаруй иргэн ирээдүйд ашиглалтад орох орон сууцанд орохоор урьдчилгаа төлбөр, хуримтлалаа тушаасан байна.

Иргэд компанитай гэрээ байгуулахдаа барилга ашиглалтад орох хүртэл түрээсийн төлбөр авах, зарим нь түрээсийн мөнгөний оронд авах байрныхаа талбайг нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч өрх нөхөн олговор, түрээсийн төлбөрөө бүрэн авч чадаагүй байна.

Барилгын ажил эхэн үедээ хэвийн үргэлжилж байсан ч 2023 оноос хойш зогсонги байдалд орж иргэд удаа дараа шаардлага хүргүүлэн төслийн хэрэгжилтийн талаар хариу нэхэхэд компанийн удирдлага Лхагвасүрэн гэх хүн “барилга хугацаандаа ашиглалтад орно” гэсэн тайлбар өгсөөр ирсэн ч одоог хүртэл барилга баригдаагүй дутуу орхисон 12 давхар, 3 давхрын барилгууд балгас болсон хуучин газар, байшингууд л байна. 

Хамгийн эмгэнэлтэй нь, иргэд энэ төслийг нийслэлийн нэрийн доор, төрийн оролцоонд итгэн сонгосон явдал юм. Хотын дахин төлөвлөлтийн бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа төсөл учир олон айл газар болон гэр орноо чөлөөлж, зарим нь бүх хуримтлалаа зориулсан ч өнөөдөр орох байргүй, авах нөхөн олговоргүй үлджээ. Энэ олон жилийн хугацаанд зарим айлын амьдрал доройтож, үр хүүхэд нь өсөж томрон, зарим хайртай нэгнээ ч алдсан үйл явдлууд болжээ. Гэтэл "Андын Зам Констракшн" ХХК нь хийсэн ажилгүй, хүлээсэн хариуцлагагүй өдийг хүрчээ. 

Иймээс иргэд нийслэл болон холбогдох байгууллагуудаас хариуцлага нэхэж, төслийг гацаанд оруулсан “Андын Зам Констракшн” ХХК-д хариуцлага тооцон, барилгын ажлыг үргэлжлүүлж дуусгах бодит шийдвэр гаргахыг шаардаж байна. Гэвч хохирогчдыг эсэргүүцлээ илэрхийлж, суулт зарлах бүрд албадан тарааж, “дараагийн долоо хоногт уулзана”, “удирдлагууд хүлээн авна” гэсэн амлалтаар аргацаасаар иржээ.

Өчигдөр буюу 6 сарын 15-ны өдөр мөн адил иргэдийг Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр хүлээн авч уулзана гэж мэдэгдсэн ч уулзалт болоогүй байна. Үүний дараа хохирогчид Хангарди ордны гадна гэр барьж эсэргүүцлээ илэрхийлсэн боловч цагдаагийн байгууллага гэрийг нь албадан буулгаж, ачиж авч явжээ.

Хотын удирдлагууд болон НИТХ-ын төлөөлөгчид ирэх лхагва гарагт иргэдтэй уулзана гэж мэдэгдсэн ч олон жилийн турш хуурамч амлалтад хууртагдсан хохирогчдын итгэл алдарч асуудал шийдэгдэх хүртэл жагсаалаа зогсоохгүй гэдгээ мэдэгдэн өнөөдөр ч хотын захиргааны гадна жагсаал хийсээр байна.

Нийслэлийн нэрийн доор “дулаан байр, тохилог хотхон” гэсэн амлалтад итгэн газраа чөлөөлсөн, мөнгөө өгөн төрдөө залилуулсан орон гэргүй иргэд өнөөдөр орох оронгүй, нөхөн олговоргүй үлдэж, хотын захиргааны гадаа шийдвэр гаргах эрх мэдэлтнүүдийг хүлээн халуун наранд сууж байна.