Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
187
Төрдөө мартагдсан иргэд тог, ундны ус, утасны сүлжээ, нийтийн тээвэр ч үгүй 3 дахь жилдээ амьдарч байна

Одоо үед нийслэл Улаанбаатар хотод тоггүй, ундны усгүй, утасны сүлжээгүй, нийтийн тээвэр явах боломжгүй нөхцөлд иргэд амьдарч байна гэвэл итгэх хүн бараг л байхгүй байх. Гэтэл яг ийм нөхцөл иргэд 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. 

Эргэн сануулахад, 2023 онд Дарь-Эх орчимд үер бууж насанд хүрсэн 2 хүн, 2 бага насны хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Гэвч үүнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байхад нийслэлээс тус хэсэгт үерийн эрсдэлээс хамгаалах ямар ч шинэ бүтээн байгуулалт хийгээгүй байна. Ахин үер буувал ахиад ч олон иргэн хохирч мэдэхээр эрсдэлтэй хэвээр байна. Мөн үерийн дараа 20 өрхийг шинэ суурьшлын бүс руу нүүлгэн шилжүүлсэн. Ингэхдээ тухайн газарт тог, ус, интернэт, нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг болно гэх амлалт өгч байсан. Гэвч өнөөдрийг хүртэл зарим айлууд нь тоггүй амьдарч байна. Мөн ундны ус, утасны сүлжээ, нийтийн тээвэр ч явдаггүй хүнд хэцүү нөхцөлд аргагүйн эрхэнд амьдарч байгаа тухайгаа иргэд ярьж байлаа.

Иргэн: Төр засаг дандаа дүр эсгэж ажилладаг. Энд 3-4 жил болж байхад одоог хүртэл зарим айлууд тоггүй байгаа. Одоо тогтой болно гэвэл энэ айлууд 4-5 метр утас татна. Бараг сая төгрөгөөр утас авна. 1 метр гайгүй утас авлаа гэхэд 4500 төгрөг болно. Одоо үнэ нь өссөн байх.

Энэ хавьд ирж буусан айлууд тог, ус, нийтийн тээвэр, сүлжээ байхгүй болохоор буцаад нүүгээд явчихдаг.

Би энэ асуудлын талаар хэсгийн ахлагч, хороо болон дүүргийн дарга нарт хэлж,хандаж үзсэн. Тэгэхээр дандаа төсөв байхгүй гэж хэлдэг. Энд амьдарч байгаа айлууд усаа хотоос зөөдөг. Амьдрах нөхцөл энд үнэхээр хүнд. Бороо цас орсон үед энэ шороон зам там болоод дуусдаг. Тэгээд худаг дээр анхаарч байгаа ямар ч хүн байхгүй. Хорооны дарга цэвэршүүлнэ, хувцас угаах усаа ав гэдэг. Энэ усыг чинь мөнгөөр авна. Энэ худаг бол төсөв хулгай хийсэн л юм болсон гэж харж байгаа. Би ус сувгийн удирдах газар энэ худгийн асуудлаар очиж уулзсан. Тэгэхэд манайд хамаагүй, худаг гаргаж байгаа гэх мэдэгдэл ирээгүй гэх хариу өгсөн. Төр хоорондоо уялдаа холбоо юу ч алга. Тэгээд юм хэлэхээр дандаа төсөв байхгүй гэж хэлнэ.

Ийм байж ард иргэдийнхээ нурууг тасартал татвар авч байгаа. Гэвч иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулж өгөхгүй байна.

Энд амьдардаг хүүхдүүдэд тоглох газар байхгүй. Салхи шуурга, цас, бороо их ордог. Тэгэхээр халтиргаа гулгаа үүсээд машин явахгүй. Замаа янзлаач гэхээр энэ хавьд үйл ажиллагаа явуулдаг хувийн компаниар янзлуулна гээд байгаа. Ингээд улсаас ямар ч ажил хийхгүй. Албан газруудыг ашиглаж л юм хийлгэх сонирхолтой.

Энэ хавийн настай иргэд 2 савтай ус хотоос чирч ирдэг. Өвөл цастай байхад цас хайлуулж ууж байсан. Одоо дандаа настнууд тоггүй байгаа. Тэтгэвэр 500-600 мянган төгрөг авдаг. Тэтгэврийн мөнгөөрөө бүгдээр нь тогны утас авна гэхээр хэцүү. Иднэ, ууна, өмсөнө зүүнэ шүү дээ бид нар. Наашаа зам муутай гээд такси ч явдаггүй.

Иргэн: Би 2023 оны 8-р сараас хойш энд амьдарч байна. Энд зам, тог, ус, сүлжээ байхгүй. Бие өвдвөл хүүхдүүд ирэхээр дээшээ уул руу гаргаж түргэн дуудуулдаг. Ийшээ унаа тэрэг явахгүй. Настай хүмүүс 2-4 км газар алхаж явдаг. Алхаад автобусны буудал дээр очихоор амраад суух саравч байхгүй. Манай Баянзүрх дүүрэг ерөөсөө юм хийдэггүй. Бусад газрууд автобусны буудал дээрээ саравч, амрах газрыг нь бэлдээд өгдөг. Энэ хавьд юу ч байхгүй.Ойрхон дэлгүүр ч байхгүй. Хот руу орохоороо л идэж, уух хүнсээ цуглуулж авдаг.Энэ хавийн золбин нохойнуудыг устгаад байдаг. Гэхдээ ахиад л баахан нохой болчихдог.

Орой үдэш ганц нэгээрээ явах ямар ч боломжгүй. Нохойнууд барьчих гээд хэцүү. Хөгшин хүн зугтаад гүйж чадахгүй. Доошоо суухаар нохойнууд тойрч хуцаж байгаад яваад өгдөг.

Иргэн: Манайх 2 жилийн өмнө энд нүүж ирсэн. Жилийн өмнө тогоо тавиулсан. Хотод амьдарч байж сүлжээ байхгүй. Хүүхдүүд маань хотын төв руу орж хичээлээ хийдэг. Энд бараг айл шатаад, угаартсан ч хэн ч мэдэхгүй.  Угаар мэдрэгч нь ажилладаггүй. Энд хэн ч ирэхгүй. Энд байгаа хүмүүс шууд л үхнэ.

Манайх тэгж үхэнгээ алдаж байсан. Азаар манай муур маажиж сэрээсэн. Тэгээд л сэрэхэд битүү цэнхэр утаа болчихсон байсан. Энд бол бидэнд амьд явах ямар ч баталгаа алга.

Энд нэг худагтай болсон. Гэхдээ хувцас л угааж болно. Унданд хэрэглэж болохгүй гэсэн. Заавал хотын төв руу явж байж усаа авдаг. Энд унаа тэрэг явдаггүй. Явахаар бол 5 мянган төгрөгөөр явдаг. Энд амьдардаг хүмүүс байнга л алхаж зам руу очно. Тэндээсээ автобусандаа суудаг.

Тус асуудлын талаар Баянзүрх дүүргийн засаг даргаас тодруулахад айлуудыг тогтой болгож, замын гэрэлтүүлэг тавьсан. Шороон замтай учир автобус явуулах боломжгүй гэх хариу авсан талаараа ярьж байсан юм. Мөн 4 хүн амиа алдсан үерийн дараа эрсдэлтэй бүсэд ямар ажил шинээр хийсэн талаар нь тодрууллаа.

Э.Намхайдагва БЗД-ийн 21-р хорооны засаг дарга: Энд тогтмол суурьшсан 10 өрх байгаа. 20 гаруй өрхөд энд газар олгосон. Гэхдээ энд амьдрах хүмүүс нь ч байгаа амьдрахгүй хүмүүс ч бий. Энд тог болон гэрэлтүүлэг тавьсан. Одоо автобус явахгүй байна гэх асуудлыг иргэдийн зүгээс байнга хэлж байгаа. Энд сүлжээний уналттай байдаг.

Одоогийн байдлаар 3.2 км замд 2 үе шаттайгаар янзлах төсөв нийслэлд тавигдсан байгаа. Гэхдээ одоог ямар ч ажил эхлүүлээгүй байгаа. Дүүргийн зүгээс үерийн далан дагуух 585 тн барилгын хог хаягдлыг ачиж тээвэрлээд, ариутгал хийсэн. Мөн үерийн далан дагуу хүн, машин унахаас хамгаалсан хөмсөг босгосон.

Нийслэлээс хэрэгжих ажил нь хэрэгжих үгүй нь тодорхойгүй байна. Нийслэлээс тодорхой мэдээлэл ч өгөөгүй байгаа.

Үерийн далан дагуу онцгой байдлын аврах ангийн барилга барина. Энэ ажлыг хийх төсөв нийслэл дээр бас тавигдсан байгаа. Энэ жил суурийн ажил нь хийгдэнэ. Зураг нийлүүлж байгаа гэх сураг сонсогдсон. Өөр албан ёсны мэдээлэл нийслэлээс ирээгүй байгаа.

Видео мэдээ үзэх: