m.mn
түрүүлж мэдээлнэ
Бусад
2026.06.17 12:55
203
90-ээд оны хүн амын бууралт өнөөгийн төрөлтөд нөлөөлж байна

Монгол Улсын хүн ам 2025 оны байдлаар 3,425,162-д хүрч, хүн амын тоогоороо дэлхийд 133 дугаарт эрэмбэлэгдэж байна. Нийслэл Улаанбаатар хотод хамгийн олон хүн ам буюу 1,673,279 иргэн амьдарч байна.

Хүн амын өсөлтөд гол нөлөө үзүүлдэг төрөлтийн түвшин сүүлийн жилүүдэд тогтмол буурч байгаа нь анхаарал татаж байна. Тухайлбал, 2015 онд 80,434 хүүхэд төрж байсан бол 2024 онд 57,319 болж буурсан байна. Харин 2025 оны урьдчилсан статистик мэдээллээр төрөлт 56 мянга орчим болж, өмнөх оноос 5.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нас баралтын тоо сүүлийн арван жилийн хугацаанд 2016–2019 онд 20 мянгаас доош түвшинд харьцангуй тогтвортой байсан. Харин 2020–2021 онд COVID-19 цар тахлын нөлөөгөөр огцом өсөж, 24 мянга орчимд хүрсэн байна. Үүний дараа 2022 оноос эхлэн дахин буурч, 20 мянгын орчимд тогтворжсон байна. Нас баралтын тоо төрөлтөөс харьцангуй бага хэвээр байгаа ч хүн амын өсөлтийн хурд саарч байгааг дээрх үзүүлэлтүүд харуулж байна.

2025 оны төрөлтийг эхийн насны бүлгээр авч үзвэл 25–29 насныхан 14,339 төрөлтөөр тэргүүлж байгаа бол 30–34 насныхан 13,959 төрөлттэй, 35–39 насныхан 10,976, 20–24 насныхан 9,839 төрөлттэй байна.

Мөн нийт төрөлтийн дунд анхны болон хоёр дахь төрөлт тус бүр ойролцоогоор 13 мянга орчим байгаа нь гэр бүлүүд цөөн хүүхэдтэй байх хандлага давамгайлж байгааг илтгэж байна.

Судлаачдын үзэж байгаагаар 1990-ээд оны нийгэм, эдийн засгийн шилжилтийн үеэс эхлэн өрхийн бүтэц өөрчлөгдөж, өмнө нь зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй байсан айлуудын тоо эрс цөөрсөн байна. 1990 онд төрөлтийн тоо 73,209 байсан бол 1993 онд 47,871 болж огцом буурчээ. Үүнээс хойш төрөлт 40–50 мянгын хооронд хэлбэлзэж байгаад 2010 оноос дахин өсөж, 2014 онд 77,480 төрөлт болж оргил түвшинд хүрч байжээ.

Сүүлийн жилүүдийн үзүүлэлтээс харахад энэ өсөлтийн мөчлөг дахин саарч, төрөлтийн тоо буурах хандлагад орж байна. үүнд 1990-ээд оны төрөлтийн бууралтын үеийнхэн хөдөлмөрийн болон төрөлтийн ид насанд хүрсэнтэй холбоотой юу? Мөн амьжиргааны нөхцөл, ажил эрхлэлт, хотжилт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр өнөөдөр ихэнх гэр бүл хоёр эсвэл гурван хүүхэдтэй байхыг илүүд үзэх болсон нь төрөлтийн бууралтад тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.

эх сурвалж: Үндэсний статистикийн хороо