Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2026.06.17 16:11
261
ДЭМБ: Тамхины хэрэглээ хөгжингүй орнуудад буурч, хөгжиж буй орнуудад нэмэгдэж байна

Дэлхий даяар жил бүр 8 сая хүн тамхины хэрэглээнээс болж нас барж байгаа гэсэн ДЭМБ-ын статистик байна. Үүнээс 7 сая орчим нь шууд тамхидалтаас, 1.3 сая нь дам тамхидалтын улмаас нас бардаг байна.

2023 оны байдлаар дэлхийн хэмжээнд 1.3 тэрбум хүн тамхи хэрэглэж, эрэгтэйчүүдийн 34%, эмэгтэйчүүдийн 6% нь тамхи татаж байна. Тамхины хэрэглээ хөгжингүй орнуудад буурч байгаа бол хөгжиж буй орнуудад хэрэглээ нэмэгдэж байгааг ДЭМБ тайландаа дурджээ. Одоогоор 60 улс тамхины хэрэглээг 2010-2025 оны хооронд 30% бууруулах зорилтын хүрээнд үр дүн гаргаж байгаа боловч бусад улс оронд нэмэлт бодлого шаардлагатай хэвээр байгааг мөн онцолсон байна. https://www.who.int/

Монгол Улсын хувьд 15-69 насны хүн амын дунд тамхидалтын түвшин 24.2% буюу таван хүн тутмын нэг нь тамхи татаж байна. Үүнээс эрэгтэй 43.7%, эмэгтэй 5% буюу тамхидалд эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдээс 8.7 дахин их байна. Тамхины хэрэглээнээс үүдэлтэй жил бүр 4300 орчим хүн нас барж байгаа ба 72% нь 70-аас доош насанд тохиолдож байгаа ажээ. 

Тамхи татдаг насанд хүрэгчдийн 85.3% нь үйлдвэрийн янжуур тамхийг сонгон хэрэглэдэг бол 23.7% электрон тамхи хэрэглэдэг байна.

Монголд тамхи хэрэглэгчдийн хувь 2005 онд 26.6% байсан бол 2019 онд 24.2% болж буурсан нь Тамхины хяналтын тухай хуулийг шинэчилсэнтэй холбоотой байв. Үүний үр дүнд өдөр бүр тамхи татдаг хүмүүсийн хувь 23.3%-аас 21.6% хүртэл буурсан байв. Харамсалтай нь шинэ төрлийн электрон тамхинд зохицуулалтгүй хийлгүй явсаан энэ төрлийн тамхины хэрэглээ нэмэгдэж, Монголд тамхидалд залуужих болов.

2023 онд хийсэн Боловсролын орчин дахь хүүхдийн эрх хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаагаар ЕБС-ийн 13-17 насны суралцагчдын 24.8% буюу дөрвөн суралцагч тутмын нэг нь сүүлийн нэг сард электрон тамхи хэрэглэж, 10 суралцагч тутмын нэг нь янжуур тамхи татсан байна.

Тамхины импорт

Гаалийн ерөнхий газрын дээрх статистикаар 2024 онд Монгол Улсад янжуур тамхи 3.5 тэрбум ширхэг, электрон тамхи 8.2 сая ширхэг орж ирсэн нь тамхидалт маш ихээр нэмэгдэж байгааг илтгэж байна.

Электрон тамхи нь янжуур тамхитай яг ижил хор нөлөөг эрүүл мэндэд учруулдаг болохыг ДЭМБ мэдэгдсэн. Ялангуяа, бүх электрон тамхи донтуулах чадвар өндөртэй никотин болон бусад химийн хорт нэгдэл ялгаруулж, жирэмсэн эмэгтэйн ургийн хөгжил болон хүүхэд, өсвөр насныхны тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг аюултайг анхааруулжээ.

Электрон тамхи татан хэрэглэж  байсан хүн уламжлалт янжуур тамхийг хэрэглэж эхлэх, улмаар донтох  магадлал 3 дахин нэмэгддэг байна.

Өсвөр насандаа  электрон тамхи хэрэглэж байсан хүүхэд огт хэрэглэдэггүй байсан хүүхэдтэй харьцуулахад уламжлалт тамхинд орох магадлал хоёр дахин нэмэгддэг ажээ.

Харин тамхийг хаяснаас хойш

-1 жилд- Зүрх судасны өвчин тусах эрсдэл 50 хувиар буурна.

-5 жилд- Тархинд цус харвах эрсдэл буурч эхэлнэ.

-10 жилд- Уушгины хавдраар нас барах эрсдэл 50 хувиар буурна. Мөн бусад хавдрын эрсдэл буурна.

-15 жилд- Зүрх судасны өвчний эрсдэл байхгүй болж тамхи татдаггүй хүнтэй ижил болдог байна.

Тиймээс иргэд, ялангуяа өсвөр насны хүүхдүүд, залуучууд тархийг гэмтээж, дараа дараагийн донтолтод хөтөлдөг энэхүү хортой бүтээгдэхүүнээс татгалзаж, эрүүл мэндээ хамгаалах нь чухал юм.