m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
2026.06.18 11:24
347
Гишүүд НӨАТ-ын босго 400 сая болгохыг дэмжихийг уриаллаа

НӨАТ-ын босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгох нэмэлт өөрчлөлтийг өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хассантай холбоотой УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Тиймээс эцсийн санал хураалтад энэ саналыг  унагаахыг уриаллаа. 

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Өмнөх төсвийн байнгын хорооны хуралдаанаар НӨАТ-ын босго 50 саяас 400 болгохыг дэмжсэн байсан. Гэвч гүйцээн боловсруулах гэх шалтгаанаар буцааж, өнөөдрийн Төсвийн байнгын хороогоор оруулж, 400 саяын босгыг үгүйсгэлээ. НӨАТ-ын босго 50 саяыг 400 сая болгох төлөвлөгөө, зорилго тооцоолол гурван намын мөрийн хөтөлбөрт байсан. Энэ нь зөвхөн ААН-д хамааралтай биш иргэд бидэнд ч хамааралтай байнгын асуулттай, эцсийн хэрэглэгчид ирэх ачааллыг бууруулах эрэлт хэрэгцээ байсаар ирсэн. Гэвч энэ том мөрийн хөтөлбөрийг үгүйсгэж, олон нийтийн эсрэг саналд эсрэг кноп дарсанд эгдүүцэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Үүрийнтуяа: Өнөөдөр татварын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийх гэж байхад өглөөний Төсвийн байнгын хорооны хуралдаанаар НӨАТ-ын босгыг 400 саяын саналыг хасах саналыг төсвийн байнгын хороогоор дэмжлээ. Жижиг дунд ААН, иргэдэд ирж буй татварын ачааллыг бууруулахын тулд татварын шинэчлэл хийх хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн П.Ганзориг: 2024 оноос хойш татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой гурван ажлын хэсэг гарч, гурав дахь удаа ажиллаж байна. Энэ удаагийн багц хуулийн татварын өөрчлөлт тодорхой хэмжээгээр ард иргэдийн ачааллыг бууруулах боловч НӨАТ-ын 400 саяыг унагасанд би эсрэг саналтай байна.

Монголд бизнес гэхээр ТОП-100 ААН-ээ хараад байдаг. Төр, уул уурхай дагасан цөөхөн хэдэн компаниудаа л түшиглээд байдаг. Гэтэл ЖДҮ хамгийн их ажлын байр бий болгодог.

Монгол Улс цаашид эдийн засгийн өсөлт хөгжлийг хувийн хэвшил хийнэ гэж байгаа бол ЖДҮ, бизнесээ дэмжих ёстой. Ингэж байж цаашид эдийн засаг зөв зам, зөв тогтолцоо руу явах юм. 

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: НӨАТ бол бүртгэлийн тайлан. Гэвч төсөв бүрдүүлэх хэлбэрээр явж байгаад олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Өнөөдөр Төсвийн байнгын хороон дээр 50 сая төгрөг болохыг бид дэмжихгүйгээ илэрхийлж байна. Татварын бодлогыг зөв зохион байгуулах нь чухал. НӨАТ хамгийн их ачаалал болж байна гэж ЖДҮ, бизнесийнхэн хэлдэг. Учир нь олон жилийн өмнөх 50 сая төгрөг өнөөгийн мөнгөний үнэ цэнээр 400 сая төгрөгтэй дүйцэж байгаа. Иймээс суутган төлөгч, жижиг ААН-ийн нуруун дэх ачааллыг бууруулахын тулд УИХ-ын  чуулганы эцсийн хэлэлцүүлэгт гишүүд 400 сая болгохыг дэмжээрэй.