Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2026.06.18 16:34
296
ЭЗХЯ: Тамхины онцгой албан татварыг 2027-2030 онд жил бүр 10 хувиар нэмэгдүүлэх санал хүргүүлсэн

УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбогдуулан илэрхийлсэн түүний мэдээлэлтэй холбогдуулан Эдийн засаг, хөгжлийн яамнаас албан ёсны байр суурь, тайлбар гаргалаа.

“Эдийн засаг, хөгжлийн яам нь уг хуулийн төсөлд санал өгөхдөө Монгол Улс дахь тамхи, никотин агуулсан бүтээгдэхүүний зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэглээний түвшин, хүн амын орлого, инфляц, татварын ачаалал болон хөрш зэргэлдээ орнуудын татварын бодлогыг цогцоор нь харьцуулан судалж, тооцоо шинжилгээ хийсний үндсэн дээр саналаа боловсруулсан. Тиймээс Эдийн засаг, хөгжлийн яам нь хэн нэгэн гишүүний санаачилсан төсөл болгоныг үндэслэлгүйгээр дэмжих боломжгүй.

Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс хүн амын эрүүл мэндийг хамгаалах, тамхидалтыг бууруулах бодлогыг тууштай дэмждэг бөгөөд үүний зэрэгцээ татварын огцом өөрчлөлтөөс үүдэж болох сөрөг үр дагаврууд болох хууль бус худалдаа, далд эдийн засаг, татварын орлогын алдагдал зэрэг эрсдэлийг давхар тооцох шаардлагатай гэж үзэж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нэг хайрцаг янжуур тамхи дунджаар 4,200 төгрөгөөр худалдаалагдаж байгаа нь бүс нутгийн орнуудтай харьцуулахад бага түвшинд байна. Тухайлбал, нэг хайрцаг тамхины дундаж үнэ ОХУ-д 9300 төгрөг, Казахстан улсад 7860 төгрөг, Киргизстан улсад 6790 төгрөг, Узбекистан улсад 6000 төгрөгөөр худалдаалагдаж байна.  Харин цахилгаан тамхины зах зээлд 2 мл никотин агуулсан бүтээгдэхүүн дунджаар 15 мянган төгрөг, никотин агуулаагүй төхөөрөмжүүд 70 мянган төгрөг орчим үнэтэй байна.Тиймээс онцгой албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг авч үзэхдээ хэрэглэгчдийн худалдан авах чадвар, өрхийн амьжиргаа, инфляцын түвшин болон бүс нутгийн өрсөлдөх орчныг харгалзан үзэх шаардлагатай гэж үзэж байна.

Тиймээс онцгой албан татварыг нэмэгдүүлэхдээ хэрэглэгчдийн худалдан авах чадвар, өрхийн амьжиргаа, инфляцын дарамт болон бүс нутгийн өрсөлдөх орчныг харгалзах нь зүй ёсны хэрэг юм. Хуулийн төсөлд тусгагдсан зарим хувилбараар онцгой албан татварыг бүс нутгийн ижил төрлийн зах зээлүүдтэй харьцуулахад хэт өндөр түвшинд хүргэхээр байгаа нь хууль ёсны худалдааг хумих, контрабанд буюу хууль бус импортын эрсдэлийг нэмэгдүүлж, улмаар татварын суурийг агшаах сөрөг нөлөөтэй.

Монгол Улс эдийн засаг, татварын бодлогын тооцоолол боловсруулах аргачлалтай, мэргэжлийн байгууллага, судлаачидтай бөгөөд бодлогын шийдвэр нь судалгаа, тооцоо, нотолгоонд суурилах ёстой. Иймд салбар яамдын боловсруулсан тооцоо, судалгааг улс төрийн байр сууринаас үл хамааран бодитойгоор авч үзэх нь төрийн бодлогын залгамж чанар, шийдвэр гаргалтын чанарт чухал ач холбогдолтой юм.

Иймд Сангийн яамны “Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төсөлд Эдийн засаг, хөгжлийн яамнаас 2027-2030 он хүртэл жил бүр 10 хувиар Онцгой албан татварыг шаталж өсгөх санал хүргүүлсэн байна.

Цаашид ч Эдийн засаг, хөгжлийн яам тамхидалтыг бууруулах зорилтыг дэмжихийн зэрэгцээ эдийн засгийн тогтвортой байдал, татварын үр ашиг, хууль бус худалдааны эрсдэлийг цогцоор нь харгалзан үзсэн бодлогын шийдлийг дэмжин ажиллах болно” гэжээ.