Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2026.06.19 13:41
224
Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Б.Мөнхдөл нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хорих ял эдэлж байгаа, суллагдах хугацаа нь ойртсон болон хорих ангиас суллагдсан иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах, хөдөлмөрт бэлтгэх, ажилд зуучлах, нийгэмд амжилттай дасан зохицох чадварыг нь нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Мөн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, зорилтот бүлгийн иргэдийг тогтвортой ажлын байранд холбон зуучлах, нийгмийн оролцоог нь дэмжихэд чиглэсэн цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр талууд тохиролцлоо.

Энэхүү санамж бичиг нь иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, нийгэмд эргэн нэгтгэх үйл явцыг дэмжих, тогтвортой амьжиргааг бий болгоход бодит хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой хамтын ажиллагааны эхлэл болж байна.