

Стандарт, хэмжил зүйн газрын Даргын зөвлөл өнөөдөр хуралдаж, байгууллагын 2026 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, үйл ажиллагааны үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.
2026 оны эхний хагас жилийн байдлаар Стандарт, хэмжил зүйн газар Хэмжил зүйн чиглэлээр нийт 6484 хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга хийж, хэмжлийн нэгдмэл байдлыг хангасан байна. Тодруулж хэлбэл, Шалгалт тохируулгын хэлтэс 3625 хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга хийж, 133.5 сая төгрөг, Хэмжил зүйн хүрээлэн 2861 хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга гүйцэтгэж, 146.7 сая төгрөгийн орлого төвлөрүүлэн төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ.

Сорьцын хяналтын газрын болон Баянхонгор, Дархан-Уул аймаг дахь Үнэт металлын сорьц тогтоох лабораториудыг MNS ISO/IEC 17025:2018 стандартаар итгэмжлүүлж, 2 жилийн хугацаатай гэрчилгээ авчээ.
Бүтээгдэхүүн, үйлчилгээ, менежментийн тогтолцооны баталгаажуулалтын нэгдсэн цахим системийг хөгжүүлэх ажлын хүрээнд төрийн үйлчилгээний төлбөрийн GPS системийг холбож туршсан бөгөөд Хөдөө аж ахуйн биржийн экспортын нэг цонхны системтэй холбогдоход шаардлагатай сервисүүдийг бэлтгэн нийлүүлсэн байна.

Лабораторийн шинжилгээний чиглэлээр нийт 839 хүсэлт хүлээн авч, 6428 сорьцод 22,433 үзүүлэлтээр шинжилгээ хийсэн байна. Үүнээс 237 сорьц буюу 3.7 хувь нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй дүгнэлттэй гарсан нь өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Хими, хор судлалын лаборатори 3785 сорьц, Микробиологийн лаборатори 2643 сорьцод шинжилгээ хийж, шаардлага хангаагүй сорьцын эзлэх хувь тус тус 3.2 болон 4.4 хувьтай байна.
