Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
4 цагийн дараа
158
Энэ жил 4 аймагт хэрэгжих “цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Архангай аймгаас эхэллээ

Монголчуудын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болох цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулах, эрүүл мэндийн боловсрол, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2026” өнөөдөр Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо нээлтээ хийлээ.

ХААН Банк, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ), Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз (МҮОНРТ) хамтран 2017 оноос хойш хэрэгжүүлж буй энэхүү аяны хүрээнд өнгөрсөн есөн жилийн хугацаанд Монгол Улсын 21 аймгийг бүтэн тойрч, 72 гаруй мянган иргэнийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоонд хамруулан, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллээр хангаад байна.

 “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы багийнхан Архангай аймагт хоёр дахь удаагаа ирж ажиллаж байгаа бөгөөд өмнө нь 2018 онд аян хэрэгжүүлэхдээ нийт 1,400 гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх болон нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж байв.

Энэ удаагийн аяны хүрээнд зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах эрхтэний эмгэг зэрэг нарийн мэргэжлийн эмч нар зорилтот бүлгийн иргэдэд үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна эрүүл мэндийн боловсрол олгох сургалтууд зохион байгуулж байна. Иргэд өдөрлөгт хүрэлцэн ирснээр үзлэг, оношилгоонд хамрагдахын зэрэгцээ эрүүл мэндээ хянах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл авах боломжтой юм.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы багийнхан Архангай аймагт энэ сарын 20-ны өдрийг дуустал ажиллаад, Завхан аймгийн зүг хүлгийн жолоо залах юм.

Иргэд та бүхэн эрүүл мэндийнхээ төлөө өөртөө цаг гаргаж, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк