Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Сонгууль
3 цагийн дараа
243
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өндөрлөлөө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн сонгогчдын санал авах ажиллагаа өнөөдөр (2026.06.21) Улаанбаатарын цагаар 07:00-20:00 цагт болж өндөрлөлөө.

Энэ жил 5 аймгийн 9 суманд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандат, 15 аймгийн 33 суманд Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 37 мандат, нийт 42 мандатад нөхөн сонгууль товлон зарласан. Сонгуульд МАН-аас 42, АН-аас 40, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр 1, бие даан нэр дэвшигч 5, нийт 92 нэр дэвшигч өрсөлдсөн юм.

Сонгогчдын ирцийг 07:00-20:00 цагт аймаг, сумын Сонгуулийн хороодод шууд дамжууллаа. Мөн нам, нэр дэвшигчдийн болон гадаадын 317 ажиглагч 71 санал авах байранд ажиглалт хийв.

Нөхөн сонгуулийн урьдчилсан дүнг Сонгуулийн ерөнхий хорооны m-election.mn цахим сайтын "Нөхөн сонгууль-2026"  цэсээр шууд дамжуулж байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн Аймгийн сонгуулийн хороо, Сумын сонгуулийн хороо, Хэсгийн хороо, Мэдээлэл, технологийн баг, даамал болон улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, цагдаагийн алба хаагчид нийт төрийн 1189 албан хаагч зохион байгууллаа.