m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.25 08:26
355
Тэд ховор бас хөөрхөн!

1. Монгол бөхөнгийн гэр бүл
Тэд энэ дэлхий дээр 3000-уулхнаа бөгөөд манайхаас өөр хаана ч амьдардаггүй. Хөөрхий минь аргагүй шүү дээ, зуд болохоор даарч хөлдөнө, бүргэд нялх янзагыг нь барина, анагаах увидаснаас нь болж эврийг нь авахаар анчид улайрна гээд зовлон мундахгүй ээ. Уг нь бөхөн тэвчээрийнхээ хувьд агуу амьтан. Арслан заантай хүртэл “хөл нийлүүлэн алхсаар” одоогийн эрин үеийг хүртэл тэсч үлдчихээд байхад нь бид л тоодоггүй. Унжуу хамартайн дээр турьхан биетэй, дээр нь үргэлж бөхийж явдаг гэнгүүтээ “Бөхөн” гээд л хялбархан шиг нэрлэчихсэн хүмүүс чинь бас л бид шүү дээ. Үнэхээр хамарны хувьд тиймэрхүү асуудал бий ч тэр харагдаж байгаагаасаа хамаагүй сэргэлэн бас адтай. Саарал чоныг ардаа хол хаяад цагт 90 км хурдлах ба бэлчээрийн ургамлыг эргэлтэнд оруулж, хорголоороо говь цөлийг хөрсжүүлнэ. Сүрэглэн амьдардаг боловч хэзээ ч цагаан зээртэй бэлчээр булаалдаж байгаагүй номхон амьтан. Тиймээс бид эдгээр зан араншинг нь тодотгон 4-5 жил л амьдардаг монгол бөхөнгийнхөө талаар хүүхэлдэйн кино, хүүхдийн ном бичиж алдаршуулвал ямар вэ? 
Жич: Зурагт хэржин (аав), хэрэгчин (ээж), янзага гурав харагдаж байна.

2. Энэ жил төрсөн мазаалайн алманцаг
“Мазаалай” ажлын байрны программ, “Мазаалай” нэвтэрхий толь гээд олон санаачлагын эхлэх шалтгаан болсон энэ хөөрхөн амьтны тухай одоо ярья. Мазаалайг Дэлхийн баавгай судлалын шинжлэх ухаанд “Ursus Arctos Gobiensis” гэж тэмдэглэдэг нь зөвхөн Монголын говь цөл нутагт амьдардаг баавгай болохыг нь тэмдэглэсэн хэрэг юм. “Нэн ховор амьтан”-ы бүртгэлд орсон бусад бүх амьтны адилаар мазаалайн хүйсийн нэршил цээжлэхэд жаахан хэцүү. Эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш, жил өнжин төллөдөг зулзагыг нь алманцаг гэж нэрлэдэг. Сайн харвал хүзүү нь их биеэсээ бараавтар бөгөөд зундаа хүрэн бор, өвөлдөө бор саарал өнгөөр зүсээ хувилдаг аж. Мэдээж бүх баавгайн адилаар өвөл ичээ засч 3 сар хүртэл идэвхгүй амьдарч өөрөөр хэлбэл унтаж өнгөрөөнө. Гэхдээ тэд хүрэн баавгайгаас ичих хэлбэрээрээ тэс өөр бөгөөд өвсөөр шувууных шиг задгай үүр засч хадны нөмөрт өвөлждөг байна. Хамгийн хөөрхөн нь юу гээч? Тэдний өндөр 150-хан см боловч жин нь 90-100 кг хүрдэг. (Нүдэнд нь нэг тийм бүдүүн баараг, эгдүүтэй зүйл төсөөлөгдөж байна уу?) Говийн хармаг, бажууны үндэс ухаж иддэгээс гадна цөлийн шавьж хорхой, гүрвэл зэрэг жижиг амьтдын сэг зэмийг ч гэсэн түүж идшээ болгоно. Гэвч ган гачигтай үед хармаг жимс, зээргэнэ ховордсоноос, малын бэлчээр гэр орныг нь эзэлснээс, анчид нисдэг тэрэгтэй очиж агнадгаас тэдний цөөрөх шалтгаанууд эхэлдэг аж. Уг нь ач холбогдол, ховрын зэргээрээ мазаалай панда, коалатай л адилхан дэлхий нийтийн анхааралд багтах ёстой байгаа биз? Жич: Зурагт Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам МУИС-тай хамтарч буй судалгааны багийнхны дурандаа буулгасан энэ жил төрсөн мазаалайн алманцаг харагдаж байна.

3. Сайн уу? Намайг хүдэр гэдэг! 
Хүдэр, жоншны тухай мартаарай. Бид бугын овогт багтдаг хүдэр хэмээх хамгийн жижигхэн биетэй туурайтан амьтны талаар мэдэж авах гэж байна. Тиймээс эхнээс нь эхлэе. Түүнийг хүдэр гэдэг. Нас биед гүйцсэн эрийг нь гирээ, эмийг нь гирэгчин, нялх төлийг нь шовшоорой хэмээн нэрлэдэг байна. Түрүүн жижигхэн биетэй гээд байсан даа? Сонсоход л нэр нь том, сүрлэг, чийрэг гэдэгтэй дүйж очих боловч хүдэр өндрөөрөө 60-70 см, уртаараа 1 метр, жингээрээ 15-17 кг л хүрдэг. Бүр сонин зүйл хэлэх үү? Хэдийгээр бугын овогт багтдаг боловч тэдний эвэр дагзан дээр нь биш дээд уруулын доороос соёо хэлбэрээр ургасан байдаг. Хад асганд амьдарч ойн ургамлаар идшээ хийдэг болохоор тэр гэнэ л дээ. Хүдрийн заар дэлхийн гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд алтнаас ч илүү үнэ хүрдэг тухай өмнө нь та сонсож байсан байх. Тийм ээ, хүдрийн зааранд үнэрээс гадна анагаах ухаанд авч хэрэглэх олон шалтаг шалтгаан бий. Гэвч заар нь хүдрийг эсрэг хүйстнээ өөртөө татах, эдэлбэр нутгаа тэмдэглэх гол тэмдэг нь болдог. Өөрөөр хэлбэл хүдэр бүрт өөр өөрийн гэсэн өвөрмөц үнэр байдаг бөгөөд орооны үедээ эргэн тойрондоо үүнийгээ тархааж дурлалт хосоо олдог аж. Тиймээс хүмүүс хүдрийг унтуулж байгаад заарыг нь авч болно гэж ярьдаг ч бай, түүнээс сэтгэл булаах ганц зэвсгийг нь хэзээ ч бүү булаагаарай. Үгүй бол бид төрөөд 14 хоносныхоо дараа арайхийж 1500 гр хүрдэг бяцхан шовшоохойнуудыг харахгүй шүү дээ. Тэгээд ч шинжлэх ухаан хөгжсөнөөр бид алзахгүй ээ!
Жич: Эхний зурагт залуу гирээ, дараагийн зурагт шовшооройтогоо салхилж буй гирэгчин харагдаж байна.

4. Танилц. Хавтгай! 
Зэрлэг тэмээ. Жинхэнэ зэрлэг тэмээ. Гэрийн тэмээнээс биеэр илүү гоолиг, зэгзгэр бөгөөд жижигхэн бөхтэй, өнгө нь цайвар байдаг. Мөн хараа, сонсгол, үнэрлэх чадвараараа гэрийн тэмээтэй зүйрлэх аргагүй бөгөөд хүний анирыг хэдэн ч км-ийн цаанаас мэдэрч зогсолтгүй 100 гаруй км дайжиж давхидаг байна. Эндээс тэдний хүнд, машинд, малд ойртох дургүй нь харагдаж байгаа биз? Хавтгайг бид Оросын нэрт аялагч, эрдэмтэн Пержевальский 1873 онд "Бие даасан биологийн төрөл зүйл" хэмээн тодорхойлсноос даруй 70-аад жилийн дараа буюу 1940 онд хамгаалалтандаа авсан. Тэгвэл саяхан хавтгайн нэгэн сүрэгт ихэр ботго төрж Говийн их дархан цаазат газрыг шинэ уур амьсгалаар хөгжөөсөн аж. (Говийн их дархан цаазат газар бол бидний экосистемдээ, ховордсон өвөрмөц амьтан,, ургамлаа хамгаалахын төлөө хийж буй хамгийн сайн үйл юм.) Сүүлд нь яагаад тэмээ хоёр, зарим нь нэг бөхтэй байдаг талаар түүх сөхөх үү? Одоогийн тэмээний өвөг олон сая жилийн өмнө Хойд Америкийн Аризона цөлд анх үүсчээ. Нэг метрээс илүүгүй өндөртэй тухайн үеийн адал явдалд дуртай тэмээ нар амьдралын жамаар Ази руу нүүдэллэж зарим нь Америктаа үлдсэн аж. Ийнхүү хүйтэн ширүүн уур амьсгалтай газар нутагшсан тэмээнүүд дасан зохицох явцдаа хоёр болон нэг бөхтэй болж өөрчлөгдсөн байна. (Тэмээ бөхөндөө идэш тэжээл хомс үедээ хэрэглэх бүх өөх тосоо нөөж явдаг) Харин өмнө зүгийг зорин Араб, Африкт суурьшсан тэмээнүүдэд хоёр бөх шаардлагагүй байсан тул аажмаар нэг нь алга болчихжээ. 
Жич: Говь гэмээнэ говь билээ. Хавтгай ба ботго гэрийнхээ гадаа.

5. Монголын сор “Мяу”! 
Тэднийг нутгийнхан “Уулын сүнс” гэж нэрлэдэг. Өндөр ууланд амьдардаг, малчид, жирийн иргэдэд барагтай харагдаж, үзэгддэггүй болохоор тэр л дээ. Хэний тухай ярьж байгааг минь гадарласан уу? Дэлхийд 6000-хан ширхэг байдаг цоохор ирвэс! Ягуар, бар, арслан гурав харьяалагддаг “Panthera” овогтоо цоохор ирвэс хамгийн жижигхэн биетэй нь гэнэ. Манай улс цоохор ирвэсийнхээ тоогоор дэлхийд хоёрдугаарт жагсдаг бөгөөд 1000 гаруй “Уулын сүнс” манайд бий. /Тэгэхээр 1 цоохор ирвэст 100 км² газар нутаг ноогддог гэсэн үг, пөөх!/ Нялх зулзагыг нь гүем гэх ба цоохор ирвэс гүемээ өсгөхөөс өөр үед бол хэнтэй ч хамтран амьдардаггүй. Өөрөөр хэлбэл “цоохор бүсгүйчүүд” биеэ даасан, чамин зан араншинтай аж. Үр тээлтээ ч гэсэн харьцангуй богино хугацаанд буюу 100 хоног тээгээд 2-3 гүем гаргадаг. Их биетэйгээ чацуу сүүлтэй тэдэнд харин нэг л этгээд уламжлал бий. Орооны үед хэнд илүү татагдаж байгаагаа үнэр, баас, эцэст нь бумбаа гэж нэрлэгддэг эзэмшил газраа тогтоож тэмдэглэсэн шороогоор нь мэддэг аж. Ер нь этгээд ч биш юм байна. Тэд чинь амьтад шүү дээ!
Жич: Зурагт гүемтэйгээ цуг сууж буй ээж цоохор ирвэс харагдаж байна. Тахь, хулан, нохой зээх гээд өөр ховор амьтад бий. Гол нь бид хэн нэгнийг, гадныхныг ирж ан амьтдыг маань хамгаалах ямар нэгэн төсөл эхлүүлээсэй гэж хүлээхийн оронд нутгийн иргэдээ оролцуулсан төсөл хийх хэрэгтэй юм байна.