

Сүхбаатар аймгийн 2-р сургуулийн 11-р ангийн сурагч Т.Биндэръяагийн яриаг хүргэж байна.
“Би анх өөрийгөө альбино гэдгээ 7-р ангидаа л мэдсэн. Тэр хүртэл яагаад ийм цагаан арьстай, цагаан үстэй юм бол гэж огт сонирхож байгаагүй. Тухайн үедээ интернэтээс “альбино” гэж хайж үзэхэд яг надтай адилхан хүмүүс гарч ирэхэд гайхах, баярлах хоёр зэрэгцсэн мэдрэмж төрж байсан.
Хамгийн сонирхолтой нь альбино хүүхэд төрсөн айлд 12 жилийн дараа дахин альбино хүүхэд төрөх тохиолдол байдаг гэж ярьдаг юм билээ. Манай гэр бүлд ч бас ийм содон давхцал тохиосон. Миний дүү бид хоёрын насны зөрүү яг 12 жил. Дүүгийн минь нэрийг Сүндэръяа гэдэг. Өнөөдөр би өөртэйгөө адилхан, өхөөрдөм хөөрхөн дүүгээрээ бахархаж, хайрлаж явдаг.
Хамт явж байхад хүмүүс бид хоёрыг их хөөрхөн гэж хэлдэг, ер нь эерэг сэтгэгдэлтэй байдаг. Би өөрийгөө альбино гэдэгтээ, эсвэл содон гэдэгтээ нэг их ач холбогдол өгдөггүй. Зүгээр л бусадтай адилхан хүн шүү дээ. Альбино хүний сул тал гэвэл бусдаас үл ялиг хараа муутай байдаг. Гэхдээ маш муу хараатай гэсэн үг биш. Зүгээр л хол байгаа нарийн жижиг зүйлсийг сайн харж чаддаггүй. Үүнээс бусдаар жирийн хүмүүстэй л адилхан. Харин онцгойрох тал нь гэвэл цагаан арьстай, цагаан үстэй, ер нь бүх зүйл нь цагаан байдаг.
Би ангийнхантайгаа бага ангиасаа хойш хамт суралцаж байна. Манай ангийнхан их нийтэч. Харахгүй байгаа зүйл дээр тусалчихна, ойлгохгүй байгаа зүйл байвал тайлбарлаад өгнө. Их тусархуу, гоё хамт олон.
Настай хүмүүсийн зүгээс хааяа сөрөг сэтгэгдэл гарч ирдэг. Мэдэхгүйгээсээ болоод “хужаа”, “гадаад хүн” гэх мэтээр хэлэх нь бий. Гэхдээ би тэр бүхнийг нэг их тусгаж авдаггүй. Тэр хүний хэлсэн үг надад хамаагүй шүү дээ. Сөрөг хүмүүсээс илүү нийгэмд эерэг, сайхан хүмүүс нь олон байдаг.
Манай аав, ээж хоёр энгийн малчин хүмүүс. Би нэг удаа аав, ээжээсээ “Намайг ийм альбино хүүхэд болж төрөхөд гайхаж байсан уу, эсвэл бусдын үгэнд эмзэглэж байсан уу” гэж асууж байсан. Тэгэхэд аав, ээж хоёр маань “Нэг их юм бодож байгаагүй. Хүүхэд маань ийм төрчихлөө гээд сэтгэл санаагаар унаж байгаагүй” гэж хэлсэн.
Өдийг хүртэл намайг ингэж сайхан хайрлаж, бүхнээ зориулж өсгөсөн аав, ээж хоёроороо би их бахархаж, хайрлаж явдаг.
Мөн альбино хүмүүс ихэвчлэн модель, жүжигчин болдог юм шиг санагддаг. Гэхдээ альбино хүн болгон жүжигчин болоод байвал дэмий гэж боддог. Тиймээс би нийгэмд хэрэгтэй, үнэнийг түгээдэг сэтгүүлч болохыг мөрөөддөг хэмээн Т.Биндэръяа ярьлаа.
Ярилцлага үзэх:
