

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 23-ы өдөр эрүүл мэндийн салбарын төлөөллүүд Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлттэй холбогдуулан мэдээлэл хийлээ. Энэ үеэр салбарын мэргэжилтнүүд электрон тамхины хор уршиг нь олон улсын судалгаануудаар батлагдсаар байгаа тул тодорхой хяналт тогтоож, татвар ноогдуулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн уушгины их эмч Б.Далай: “Янжуур тамхи удаан хугацаанд бага багаар хордуулдаг бол электрон тамхи богино хугацаанд уушгинд цочрол өгдөг.
25-аас доош насны хүмүүс тамхинд донтож, хамааралтай болох эрсдэл хамгийн өндөр байдаг учраас залуучуудын дунд уушгины хатуурлын тохиолдол илэрсээр байна”
Улсын гуравдугаар эмнэлгийн уушги судлалын эмч Н.Алтанхуяг: “Одоогоор тамхины тухай хуулинд электрон тамхины тухай заалт байхгүй. Утаат болон электрон тамхи аль аль нь л хортой. Гэхдээ электрон тамхи маш богино хугацаанд уушгинд цочмог гэмтэл учруулж байна. Тиймээс энэ талаар анхаарах шаардлагатай” гэв.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг өнгөрсөн онд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилан өргөн барьсан юм. Одоогийн байдлаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Рийл үзэх:
