

Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер усны аюулаас болгоомжлохыг ОБЕГ-аас анхаарууллаа. Үндэсний баяр наадмын амралт 10 хоног үргэлжлэх юм. Жил бүрийн энэ үеэр усанд осолдох тохиолдлын тоо эрс нэмэгддэг байна.
Улсын хэмжээнд 2021-2025 онд усны ослын улмаас 464 хүн амь насаа алдсаны 359 нь том хүн, 105 нь хүүхэд байна.
Усны осол их гардаг Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон гээд нийтдээ 399 байршлыг усны ослын хар цэг гэж Онцгой байдлын байгууллагаас тогтоосон байна. Тэдгээр цэгүүдэд анхааруулсан тэмдэг, самбаруудыг байршуулсан байдаг. Энэ нь “Ус руу орж болохгүй” хэмээн анхааруулсан дохио юм.
Энэ талаар ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа: “Томчууд хүүхдээ хараа хяналтгүй голын эрэг дээр үлдээх, усан сангийн хөвөгч тоглоомоор гол дээр тоглуулдаг зэргээс үүдэн хүүхэд хөвөгчтэй хамт урсгал ус руу урсах тохиолдол байдаг. Мөн иргэд усанд осолдсон тохиолдолд аврах байгууллагад мэдэгдэхээс илүүтэй, өөрсдөө аврах тохиолдол гаргадаг нь буруу. Яагаад гэвэл тухайн хүн усанд хөл алдсаны дараа 20-60 секундийн хугацаанд амь насаа алддаг. Тиймээс амиа эрсдүүлэх үйлдэл гаргахгүй байх нь хамгийн зөв хамгаалах арга юм. Жил бүрийн зургаадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд Онцгой байдлын газрын завьт эргүүлүүд томоохон гол мөрний эрэг дагуу, эргүүл хийдэг. Тэдгээр эргүүлүүд аврахад бэлэн техник хэрэгслийн хангамж хүртээмжтэй явдаг. Завьт эргүүл ажиллуулж эхэлснээр усанд осолдож, амиа алдсан хүмүүсийн тоо 30 хувиар буурсан” гэлээ.
Иймд иргэд амралт зугаалгаар явахдаа үер усны аюулаас сэрэмжлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөж байна.
