

АНУ-ийн хоёр нам нэгдэн "үеийн хамгийн том" орон сууцны хуулийг баталлаа. Энэ үетэй давхцан Монгол Улсын Засгийн газар орон сууцны корпораци, тусгайлсан банк байгуулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ.
Вашингтон хот: "Зам чөлөөл, зах зээл шийднэ"
Энэ оны 06 дугаар сарын 23-ны өдөр АНУ-ын Конгресс "21st Century ROAD to Housing Act" хэмээх хуулийг баталсан байна. Тус хуулийн гол санаа нь нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар үнийг бууруулах зорилготой юм.
Үүнд Орон нутгийн засаг захиргаа, бүсчлэл нь барилгын зөвшөөрлийн хязгаарлалтаа сулруулах, үйлдвэрийн аргаар байгуулсан орон сууцыг хямдруулах, зөөврийн ган хүрээ заавал байх хуучин журмыг цуцлах зэрэг арга хэмжээг авснаар нэг байрны өртөг 5,000–10,000 ам.доллароор буурах боломжтой гэж үзэж байна.
Томоохон хөрөнгө оруулагч, хувийн хөрөнгийн сангуудыг өрхийн орон сууц их хэмжээгээр худалдан авахыг хориглосон. Гэсэн хэдий ч мэргэжилтэн, судлаачдын зүгээс энэ асуудлаар хэт өөдрөг хандахгүй байхыг анхааруулж байна.
Тухайлбал, Хот төлөвлөлтийн судлаач Йона Фримарк хуулийг "урагшилсан алхам" гэж үнэлсэн ч гарах ахиц нь "огцом биш, үе шаттай" байх болно гэж дурджээ.
Улаанбаатар хот: "Төр өөрөө тоглогч болно"
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан 2026 оны 06 дугаар сарын 11-ний өдөр анхдагч хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв.
Үүнд орон сууцжуулалтын тухай хууль болон орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хууль хамаарна. Орон сууцны банк байгуулагдсанаар жилд олгох орон сууцны зээлийн эх үүсвэрийг 2.2 дахин нэмэгдүүлж, арилжааны банкуудад үүсээд буй урт дарааллыг богиносгох зорилготой байна.
Монгол банкны тайлангаас үзвэл, 2026 оны 5-р сарын эцэст ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 12.14 их наяд төгрөгт буюу 135,686 иргэн орон сууцны зээлтэй байна.
Зөвхөн тайлант сард 1,845 иргэн нийт 305.5 тэрбум төгрөгийн зээл авсан бол, 1,857 өргөдлөөр нийт 325.2 тэрбум төгрөг хүссэн нь эрэлт нийлүүлэлтээс давсаар байгааг харуулж байна.
