

Урин дулаан цаг ирж барилгын ажлын улирал эхэлсэнтэй холбоотойгоор компаниуд үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байна. Гэвч бүтээн байгуулалтын ажлын зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй байдал, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна.
БЗД Улаанхуаранд байрлах “Комфорт” хотхоны дунд баригдаж буй барилгын хажуугаар явж байсан охины ойролцоо барилгын ажил явагдах үеэр хатуу болон шингэн цемент нэг алхмын зайд унасан хэрэг 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдөр гарсан.
Бид хэрэг гарсан “Комфорт” хотхонд очиж, дээрээс нь цемент унасан охин болон тухайн үед хамт байсан оршин суугчаас тодруулга авлаа.
Тус барилгын ажил энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн ба 10 давхар 55 айлын орон сууц баригдаж байна. Хотхоны орох, гарах хэсгийн гарцыг хаасны улмаас оршин суугчид зөвхөн баригдаж буй барилгын хажуугаар орж, гардаг аж. Охины ойролцоо шингэн болон хатуу цемент унаж, хувцас, нүүр гээд бүх зүйл нь цемент болсон байна.
Тухайн үед цагдаа дуудсан ч удаж ирсэн бөгөөд ХАБ-ын ажилтан гарч ирээд “Би үүнийг мэдэхгүй, хариуцах хүн нь биш” гэжээ.
Цутгалт хийдэг том машины зөөж явсан цемент унасан тул жолооч нь уучлалт хүсэж, хувцас цэвэрлэгээний зардалд 200 мянган төгрөг өгсөн. Харин тухайн үед ХАБ-ын ажилтан жолоочид “Чи наад асуудлаа өөрөө аргал” гээд хээв нэг хандаж байсан тухай оршин суугч хэлж байлаа.
Мөн хотхоны оршин суугчдын хэлж буйгаар тус барилга хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангадаггүй. Өмнө нь гурван удаа тог тасалж буудуулсан, барилгын хавтан салхинд хийсэж унасан зэрэг олон асуудал гарч байжээ. Түүнчлэн баригдаж буй барилгын яг хажууд “Комфорт” хотхоны хүүхдийн тоглоомын талбай болон автомашины зогсоол байрладаг байна.
Барилгын ажил эхэлснээс хойш дээрээс юм унах, хогоо хотхон руу шүүрдэх, автомашин болон техник хэрэгслүүдтэй холбоотой асуудал байнга гардаг талаар оршин суугчид гомдоллож байна.
Оршин суугчдын зүгээс барилгын ажил эхэлсэн үеэс хойш удаа дараа гарын үсэг цуглуулан уг барилгын ажлыг зогсоох хүсэлтийг дүүргийн холбогдох байгууллагад хүргүүлсэн боловч одоог хүртэл барилгын ажил үргэлжилсээр байна.
