

УИХ-ын гишүүд "Хянан шалгах түр хороо байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийн талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Баатархүү "Газар олголтын талаар аудит хийж, хуулийн нэмэлт өөлчлөлтөд бэлдэх зорилгоор хянан шалгах чиг үүрэг бүхий хороо байгуулах тогтоолын төслийг өргөн барьсан ч жил гаруй хэлэлцүүлэхгүй байсаар өнөөдөр хэлэлцэх гэж байна. Хянан шалгах түр хороо гурван зорилгоор байгуулагдана. Үүнд, 2003 оноос иргэнд газар өмчлүүлэх хуулийн хэрэгжилт ямар байгаа вэ. 23 жил болж байгаа ч нийт иргэдийн 20 хувь буюу таван хүн тутмын нэг нь газраа хууль ёсоор өмчилж авчээ. Газраа өмчилж аваагүй иргэд хүсэлт гаргахаар газрын нөөц дууссан, таны асуудал удахгүй шийдэгдэнэ гэх байдлаар 23 жилийг ардаа үджээ. Тиймээс хууль яагаад хэрэгжихгүй байгааг шийдвэрлэх гэж байна. Сүүлийн үед УБ хот цементэн ширэнгэн ой болж байна. Нийтийн эзэмшлийн талбай бүрт барилга барих зөвшөөрөл өгч, иргэд амарч зугаалах талбайгүй болж, барилгын хууль газрын тухай хууль маш их зөрчигдөж байна. Иймээс яагаад нийтийн эдэлбэр газарт барилгын зөвшөөрөл олгож байгаа талаар хянаж шалгана. Гуравдугаарт, тусгай хамгаалалттай бүс тэрдундаа Богдхаан уулын 34 аманд үе үеийн хотын дарга, байгаль орчны сайд барилгын зөвшөөрөл олгож, хаус барих зөвшөөрөл өгсөн. Үүнийг шалгана" гэв.
УИХ-ын гишүүн Ө.Шижир "Өнөөдөр УБ хот төлөвлөлтгүй, замбараагүй зохион байгуулалтгүй томоос том тосгон болж хувирлаа. УБ хотод хүүхэд аюулгүй орчинд сурч, амьдрах боломжгүй болсон. УБ хотын А бүсийн бүх ЕБС, цэцэрлэгийн газар зарагдсан. Богдхан уулыг тойрсон 34 амны зөвхөн нэг амнаас бусад нь зарагдаж, хаус орон сууц барилга болсон. Өнөөдөр нийтийн эзэмшлийн талбай гэж байхгүй болсон. Тиймээс үе үеийн нийслэлийн удирдлага, газрын алба бүгд холбоотой. Иймээс үүнийг бид шалгаж, эцсийг нь үзэх хэрэгтэй. Улс төрийн зорилгоор эсвэл хэн нэгнийг муухай харагдуулах сонсгол биш" гэлээ. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Газартай холбоотой хянан шалгах түр хороо байгуулагдвал хэний нэр хамгийн түрүүнд яригдах юм. Газар гэнгүүт хамгийн түрүүнд М.Энхболдын нэр орж ирдэг. М.Энхболд УИХ-ын дарга байхдаа их хурлын индэр дээрээс өөрийг нь шүүмжилсэн УИХ-ын гишүүн рүү "Би чамд сайн санаж талбайн хажууд газар өгөө биз дээ" гэж ач нэхсэнээрээ газрыг бэлэглэдэг гэдгээ зарласан" гэлээ.
