m.mn
түрүүлж мэдээлнэ
Боловсрол
2026.06.26 15:33
173
Хиймэл оюун ухааны хэрэглээ ба аюул занал

Монгол улсад хиймэл оюун ухааны хэрэглээ (АI) аль хэдийн бага насны хүүхдээс эхлээд оюутан, мэргэжилтэн, төрийн албан хаагч хүртэл бүх давхаргад нэвтэрч нэгэнтээ хэрэглээ болжээ. Нийслэлийн залуучуудын дунд хийсэн судалгаагаар 15–34 насныхан долоо хоногт дунджаар 3–4 удаа AI ашигладаг ба оюутнууд хичээлдээ бараг өдөр бүр хэрэглэдэг бөгөөд тэдний ашиглаж буй систем нь голчлон ChatGPT, Google Search, Google Translate зэрэг байдаг байна. Боловсролын зорилгоор AI-д итгэх итгэл ойролцоогоор 80% хүрсэн гэх ч тэдний үнэн зөв, хир нарийвчлалтай талаар эргэлзээтэй хэвээр байсаар байна. Судалгаанаас харахад хамгийн анхаарал татаж буй хэсэг нь нийт хэрэглэгчдийн ойролцоогоор 60% нь хиймэл оюун ухаан технологийг ашиглах нь аливаад хандах шүүмжлэлт сэтгэлгээ сулрана гэж үзэж эмээж байгаа бол 34% нь цахим буюу дижитал түвшний чадвартай гэсэн байгаа нь мэдлэг олж авахаас илүүтэй шууд хэрэглэдэг байна гэж хэлж болохоор байна. Өөрөөр хэлбэл, хэрэглээ нь мэдлэгээсээ түрүүлж яваа гэдгийг харуулжээ.

Энэхүү яаравчилсан хэрэглээ нь бодит алдаа болж илэрч эхэлснийг бид онцлох ёстой. Боловсролын салбарт сэдвээ бүрэн ойлгоогүй оюутан хиймэл оюун ухаан ботын гаргасан алдааг (жишээ нь програмын кодын bug-ийг) илрүүлж, түүнийг засаж чадахгүй асуудал тулгардаг бол ChatGPT-ийн боловсруулсан эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэлийг ариутган шүүж хянадаг ажилтнууд ч илрүүлэлгүй нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн тохиолдол цөөнгүй. Ялангуяа төрийн болон нарийн мэргэжлийн салбарт энэ эрсдэл илүү ноцтой. Энэ талаар олон улсад гарсан тохиолдлууд бишгүй бөгөөд тухайлбал өмнөд Африк улс хиймэл оюунаар зохиогдсон хуурамч эх сурвалж агуулсан Үндэсний AI бодлогын төслөө зарлаж нийтэлснийхээ дараа 17 хоногийн дотор татан авсан байдаг. Австралийн засгийн газарт зориулсан нэр хүндтэй Deloitte компаний 237 хуудас тайлан гэхэд байхгүй эх сурвалж, зохиомол ишлэлээр дүүрэн байсан тул тус компани түүнийг боловсруулсан зөвлөхөд төлбөр төлөхөөс татгалзсан, KPMG-ийн нэгэн тайланд буй 45 ишлэлээс ердөө таван нь л жинхэнэ эх сурвалжаас татсан гэх мэт олон жишээг дурьдаж болно. Монгол улсын хувьд ч ийм зүйлс гарсан бөгөөд нотлох баримтын хувьд алдаатай байх бөгөөд дэлхийн хаана ч тохиолддог найдвартай эх үүсвэр, нэр хүндийн эрсдэл адилхан билээ.

Монгол хэлний хувьд энэ аюул бүр ч өндөр. Их хэлний өгөгдөл бүхий гол урсгалын загварууд нь монгол шиг харьцангуй "нөөц багатай" хэлэнд найдваргүй ажилладаг тул хий хуурмаг мэдээлэл (hallucination) болон өрөөсгөл, ташуу хариу гаргах магадлал маш өндөр гэж судлаачид анхааруулдаг. Иймд монгол хэрэглэгч AI-гийн гаргадаг аливаа хариуг шалгахгүйгээр шууд хэрэглэх нь эрсдэлтэй бөгөөд түүнээс үүдэн гарах аливаа алдаа, хариуцлага нь нэмэгдэхээс гадна тухайн хүн уг сэдвээ өөрөө бүрэн ойлгоогүй учраас аливаа алдааг нь олж илрүүлэх бараг боломжгүй юм. Энэ нь зүгээр нэг техникийн доголдол биш харин "танин мэдэхүйн ачааг гадагшлуулах" (cognitive offloading) гэж хэлж болох үзэгдэл бөгөөд, өөрөөр хэлбэл хүн өөрийн ухамсарлал, сэтгэн бодох үйлдлээ гадны хэрэгсэлд шууд даатгах нь аливаа оюун ухаант хүний шүүмжлэлт сэтгэлээ, үнэлгээг сулруулж, бие даан сэтгэх чадварыг урт хугацаандаа аажмаар хорогдуулдаг болохыг шинжлэх ухааны эмпирик судалгаанууд анхааруулсаар байна.

Алс хэтдээ энэхүү асуудлын гол нь AI буюу хиймэл оюуны технологи нь өөрөө биш, харин түүнийг буруу ашиглаж байгаад оршино. Иймд, аливаа хүн, мэргэжилтэн "ChatGPT-ээс хэдэн асуулт асуусныг хиймэл оюун ухаан ашиглаж байна гэж ойлгож болохгүй" г дахин сануулахын зэрэгцээ зөв цэгээс эхлэх ёстойг дурьдах нь зүйтэй. Монгол Улсын хувьд Цахим хөгжил харилцаа холбооны яам, НҮБХХ-тэй хамтран Үндэсний AI стратегиа боловсруулж эхэлсэн нь сайн хэрэг боловч аливаа батлагдан гарах баримт бичигт, эх сурвалжаа нотлох, хүүхэд залуучуудынхаа шүүмжлэлт сэтгэлгээ, бие даан ажиллах чадавхийг ч бодолцох ёстойн. Шинэ үе маань хэт хиймэл оюун ухаан AI -д найдах, хичээл, ажлаа даатгах нь нэгэн бүтэн үе оюуны санааны хамаарал, доройтолд хөтлөх эрсдлийг бодолцох учиртай.

эх сурвалж: 
https://www.scirp.org/journal/paperinformation?paperid=142546