m.mn
түрүүлж мэдээлнэ
Эрүүл мэнд
2026.06.26 16:18
155
Г.Нансалмаа: Хотжилт, дэлгэцийн хэт хэрэглээнээс үүдэн хүүхдийн хараа муудалт өдрөөс өдөрт ихсэж байна

Сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан тэдний гар утасны хэрэглээ нэмэгдэх хандлагатай байдаг. Харилцаа холбооны зохицуулах хорооноос хийсэн судалгаагаар манай улсын 13-18 насны хүүхдийн нэг өдрийн цахим хэрэглээ дөрвөн цаг орчим байдаг нь тогтоогджээ. Энэ нь дэлхийн дундаж үзүүлэлтээс гурав дахин их юм.

2024 оны эрт илрүүлгийн үзлэгээр зургаан настай сурагчдын 36 хувь нь харааны эрүүл мэндийн асуудалтай гэж оношлогдсон юм. Сүүлийн жилүүдэд сургуулийн өмнөх насны хүүхдүүд төрөлхийн хараа муудалттай байгаа бол өсвөр насныхны дунд олдмол хараа муудалт эрс нэмэгджээ. Энэ талаар нүдний эмч Г.Нансалмаагаас тодрууллаа.

Нүдний эмч Г.Нансалмаа: “Хотжилт, дэлгэцийн хэт хэрэглээнээс үүдэн хүүхдийн хараа муудалт өдрөөс өдөрт ихсэж байна.

Хорин минут нүдийг ойрын зайнд ачаалуулсан бол 20 секунд зургаан метрээс хол зайнд харж, нүдээ амрааж хэвших хэрэгтэй.

Нүд наранд дуртай байдаг. Тиймээс зуны гурван сарыг ашиглаад хүүхдүүдийг гадаа тоглуулж, спортоор хичээллүүлж, ойрын зайн ачааллаас холдуулах хэрэгтэй. Мөн дуртай зүйлс, хоббиг нь хөгжүүлэхийн зэрэгцээ эцэг эхчүүд өөрсдөө гар утасны хэрэглээгээ багасгаж үлгэрлэх нь зүйтэй. Нүдний эмч нар дөрвөөс доош насны хүүхдэд дижитал төхөөрөмж хэрэглүүлэхгүй байхыг зөвлөдөг. Хүүхдийн нэг удаад гар утас, телевизор үзэхдээ хугацаа нэг цагаас хэтрэхгүй байвал зохимжтой” гэлээ.