

Эрчим хүчний салбарынхан энэ сарын 30-наас улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Энэ сарын 27-ны өдөр Ажил хаялтын Түр хороо хуралдаж ажил хаялт зохион байгуулах ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн батлаж, гишүүн хорооддоо хүргүүлжээ. Энэ сарын 28-ны өдөр ажил хаялтын үед хэлэлцээ хийх төлөөлөгчид Ажил хаяхад хүргэсэн 12 саналын зөрүү болох хэлэлцээрийн III бүлэг /цалин хөлсний бүлэг/-ийн заалтуудын боломжит хувилбарыг хэлэлцжээ.
Тэд "Ажил хаялт эхлэхээс өмнө 30 хувийн нэмэгдлийг хоёр хуваах гэх мэт саналыг хүлээн авах боломжтой. Үгүй бол хаялт зарлана" гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа ч салбарын сайд өөр байр суурийг илэрхийлээд байгаа юм. Тодруулбал, эрчим хүчний үнэ ханш Эрчим хүчний зохицуулах хороо хариуцдаг, нөгөөтэйгүүр эрчим хүчний үнийг өртөг нь хүргэхээс гадна өртгийг бууруулж байж энэ салбарт ажиллагсдын цалин хөлсийг бодитоор нэмэх боломж бүрдэнэ гэх тайлбарыг өгөөд байгаа юм. Иймээс ҮЭ-ээс энэ сарын 30-ны 08.00 цагаас ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.

