

Энэ оны зургаадугаар сард Европ тив түүхэндээ хамгийн огцом дулааралттай байна. Энэ сарын 24-ны өдөр Франц улсын хэмжээнд дундаж температур 30.0°C хүрч, цаг уурын хэмжилт хийж эхэлснээс хойших хамгийн халуун өдөр болж тэмдэглэгдсэн бол баруун хэсгийн зарим суурин газар 43°C-аас давжээ. Парис хотод Эйфелийн цамхаг, Лувр музей зэрэг бэлгэ тэмдэг болсон газрууд ажиллах цагаа богиносгож, сургуулиуд хичээлээ зогсоож, олон арван хүн халуун цаг агаарын улмаас амь насаа алдсан байна.
Зөвхөн Франц төдийгүй Их Британи, Испани, Герман зэрэг олон оронд цаг уурын "улаан" түвшний анхааруулга зарлаад байгаа юм.
Эрдэмтэд энэхүү дулаан ялгаралтыг тохиолдлын үзэгдэл биш, харин уур амьсгалын өөрчлөлтийн шууд илрэл гэж үзэж байна. Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-ын мэдээлснээр Европ бол дэлхийн хамгийн хурдан дулаарч буй тив бөгөөд 1976 оноос хойш дунджаар хоёр орчим градусаар дулаарчээ. Агаар мандал болон далай тэнгисийн дулаарал нэмэгдэхийн хэрээр ийм дулааны давлагаа улам ойр ойрхон, илүү ширүүн, удаан үргэлжлэх болж байгааг олон улсын мэргэжилтнүүд онцолсон байна.
Энэ дэлхий нийтийн дулаарал Монголыг ч өнгөрөөгүй — харин ч илүү хүчтэйгээр нөлөөлжээ.
Монгол орны жилийн дундаж температур 1940–2015 онд 2.24 градусаар нэмэгдсэн нь дэлхийн дунджаас бараг гурав дахин хурдан дулаарч байгааг харуулж байна. Гэхдээ уур амьсгалын дулаарал бол зөвхөн "халуун болох" гэсэн үг биш — цаг агаарын эрс тэс байдлыг хурцатгаж, урьдчилан таашгүй болгож байгаа нь Монголд тод харагдаж байна. Сүүлийн жилүүдэд өвөл улам хүйтэрч, манай улс 2016 оноос хойших хамгийн нам хэмд хүрсэн бол өнгөрсөн өвөл баруун аймгуудад агаарын температур -44 хэмээс давж, сүүлийн хэдэн арван жилийн хамгийн ширүүн хүйтний нэг тохиолдсон билээ. Зун нь эхэндээ хур тунадас ихтэй, чийглэг, удалгүй эрс халуурах болж, энэ хэлбэлзэл нь бэлчээр, тариаланд дарамт учруулж байна. Ийнхүү жилийн дундаж температур нэмэгдэж байгаа нь зуныг улам халуун, хуурай болгож, бэлчээр хатаж, цөлжилт даамжрахад хүргэж байгаа бол нөгөө талаас өвлийн зудыг улам ойр ойрхон, ширүүн болгож байна.
Ийнхүү Францын халуун зун ба Монголын цастай зун эсрэг мэт боловч шалтгаан нь нэг байна.
