
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос маргаашаас эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр мэдээлэл хийлээ. Одоогоор салбарын ажилчдын цалинг 30 хувиар нэмэх төсвийн боломжгүй.Иймд бодит боломждоо тулгуурлаад цалингийн санг долоодугаар сарын 1-нээс 10 хувиар нэмнэ. Гэхдээ нийтээр нь хавтгайруулахгүй. Харьцангуй өндөр цалинтай захирал, удирдлагуудынхыг энэ удаа нэмэхгүй. Харин яг үйлдвэрлэл дээр ажиллаж буй инженер, техникийн ажилтан болон цалин багатай залуусын цалинг нэмнэ гэж мэдээллээ.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа: "Монгол Улсад дундаж цалин ₮2.989.000 байхад эрчим хүчний салбарын дундаж цалин ₮3.747.000 байна. Цалингийн хэмжээ уул уурхайн салбарын араас 2 дугаарт орж байгаа нь ажил хаях хэмжээнд биш.
30 хувь цалин нэмэх боломж одоогийн Эрчим хүчний салбарын санхүүгийн тогтолцоонд байхгүй. Байхгүй юмыг сайд байна уу, бурхан байна уу, Ерөнхий сайд байсан ч илбэдэж гаргаж чадахгүй. Энэ бол бодит байдал. Ажил хаяж салбараа аврах биш, ажил хийж салбараа аваръя. Би ажил хаяна гэж бодохгүй байна.
Ажил хаялаа гэхэд үйлдвэрлэл тасалдахгүй. Энэ бол зохицуулалттай зүйл учраас асуудлыг бодитой ойлгохыг хүсье"