

Өнөөдрөөс эрчим хүч, геологи уул уурхайн салбарынхан ажил хаялт зарлана хэмээн мэдэгдэж байсан ч шөнө гурван цаг хүртэл салбарын сайд, яамныхантайгаа зөвшилцөөд, ажил хаялтаа 48 цагаар хойшлуулахаар болжээ. Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн дарга Д.Давагдорж: “Цалинг 2026, 2027 онд үе шаттайгаар 30 хувь нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн. Дараагийн асуудлаа шийдэх хүртэл ажил хаялтыг түр хойшлуулаад байна. Цалингийн дундаж бодит байдал дээр 1 сая 700 мянгаас 2 сая таван зуун мянгын хооронд л байдаг” гэсэн юм.
ҮЭ-ийн зүгээс цалинг 30 хувиар нэмэх, үгүй бол үнэ барьж байгаа шигээ төрөөс татаас өгөхийг шаардсан.
Тэгвэл эрчим хүчний салбарынхны цалинг 30 хувиар нэмэх нөөц, бололцоо байгаа эсэх дээр сангийн сайд З.Мэндсайхан "Аливаа салбарын цалинг хөрөөний ир шиг сугалж, нэмээд байх боломжгүй. Татаас өгөх ч боломжгүй. Тэгвэл төсөв зардлаа дийлэхгүй" гэсэн юм. Ийнхүү зах зээлийн зарчмаар үнээ ч өсгөж болдоггүй, ажилчдынхаа цалинг ч нэмж чаддаггүй хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг байдалтай он удаан жил явсан эрчим хүчний салбар Б.Найдалааг эрчим хүчний сайдын ажил авахтай зэрэгцэн тэсэрч эхэлсэн.
Төр иргэдэд таалагдах, стратегийн салбар учраас олон жил эрчим хүчний салбарын үнийг барьж, үйлдвэрлэсэн өртгөөс хямд үнээр эрчим хүчээ зарж ирсэн. Нөгөө талаар техникийн шинэчлэл, цалин хөлсний шинэчлэл хийгдэхгүй явж ирснээр өвөл бүр хөлдөх эрсдэлтэй нүүр тулж, лаа барьж тогны хязгаарлалтад орж өвлийг өнгөрөөдөг нь нууц биш.
Эрчим хүчний салбарынхан ажил хаявал өнөөдрөөс улс орон даяар тог цахилгаангүй болох эрсдэл нүүрлэнэ хэмээн өчигдөр ҮЭ-ээс мэдэгдэж байсан. Азаар 48 цагаар хойшилж, долдугаар сарын 2-ны 08 цаг хүртэл хойшилж байна. Гэвч ажил хаялтаа бүр зогсоогоогүй түр хойшлуулж байгаа нь төр засгийнхан толгойгоо ажиллуулах, шинэ гарц гаргалгаа хайх зайлшгүй шаардлагатай нүүр тулж байна.
