

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний мэдэх хүүхдийн паркийн 60 жилийн ой энэ онд тохиож байна. 1966 онд парк 37 га талбайд 6000 мод бут, 60 гаруй мянган м2 зүлэгтэй, бага оврын морин тойруулга, алсыг харагч, микропоезд, гинжит тойруулга, пуужин, савлуур, зэрэг тоглоом бүхий 27 цэг, нэгжтэй ажиллаж эхэлжээ. Үүнээс хойш 1980-аад оны эхэн үед тоглоом, үзвэр үйлчилгээний цэгүүдээ улам баяжуулж бидний хүүхэд насны дурсамжид тод үлдсэн алсыг харагч, сюрприз, уран жолоодлогын машинууд, гэрлэн дохиот микро автобус, хөгжөөнт аялалын галт тэрэг, далайчин зэрэг автомат тоглоомуудтай болж паркийн гол чимгүүдийн нэг нуурыг байгуулжээ.1986 оноос урлал чимэглэлийн мастерын газар шинээр байгуулж, ардын язгуур урлагийн “Түмэн Эх” чуулгын байр, “Хотол баясгалант” харш, цэцгийн хүлэмж, автомат тоглоомын төвүүдийг нээсэн байна.

Үүнээс хойш 20 жилийн дараа Хүүхдийн парк дахин шинэчлэгдэж Үндэсний соёл амралтын хүрээлэн нэртэйгээр хөгжлийнхөө дараагийн үеийг эхэлжээ. 2005 он гэхэд тоглоом, барилга байгууламжууд нь 25-40 жилийн насжилттай зайлшгүй шинэчлэх шаардлагатай болж, нийгмийн өөрчлөлтийг даган өмчийн хувьд компани хэлбэрт орж анхны гүйцэтгэх захиралаар Дамжингийн Мөнхбатыг томилсон байна. Энэ үеэс ҮСАХ олон улсын стандарт шаардлагад нийцсэн, орчин үеийн хүүхдийн парк болон хөгжих шинэ цагийн эхлэл тавигджээ.
Сүүлийн 20 жилийн хугацаанд ҮСАХ зах зээлийн зарчмаар, бие даан ажиллаж, удирдлага, үйл ажиллагаандаа шинэчлэл хийн өнгө төрхөө өөрчилж, аюулгүй, найдвартай, олон улсын жишигт нийцсэн байх зорилго тавин ажиллаж байна. Хуучин тоглоомуудаа хуучирсан гээд хаялгүй, мэргэжлийн инженерүүдтэй хамтран засч сайжруулан 30 орчим тоглоомыг 11 аймагт дахин ашиглуулж байна. Үүний зэрэгцээ ҮСАХ-ийн харьяа Үндэсний дуурь бүжгийн "Түмэн-Эх" чуулгын уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, тоглолтын театр санг арвижуулан ажиллаж иржээ. Энэ хугацаанд тус театраас Ардын жүжигчин нэг, Гавьяат жүжигчин гурав, Төрийн одон медальтан найм зэргээр алдартан гавьяатнууд төрөн гарч ур чадвар, баялаг хөтөлбөр бүхий тоглолтоороо гадаад дотоодын жуулчид, үзэгчдийн талархалыг аль хэдийн хүлээх болжээ. Ийнхүү нийслэл хотын зүрхэнд орших Үндэсний соёл амралтын хүрээлэн хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж, иргэдийн амралт чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх цогцолбор төв болон өргөжсөөр түүхийнхээ дараагийн үерүү алхан орж байна.
