

Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний баяр наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Бөхчүүдийн допингийн асуудал наадамчин олны сэтгэлийг гонсойлгож байсан. Энэ удаад урьдчилсан байдлаар шинжилгээ авахад допингийн шинж илэрсэн нэг ч бөх байхгүй байна. Ирэх жилээс 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай барууны итгэмжлэгдсэн иж бүрэн тоног төхөөрөмжийг худалдан авч бүх оролцогч бөхөөс шинжилгээ авна. Хурдан морины цустай холбоотой хэл ам мөн дагуулдаг. Иймээс энэ удаад дулаан мэдрэгчээр тоноглогдсон төхөөрөмжөөр морь шалгадаг байх, хууль хяналтынхан зохион байгуулалтыг хийнэ. Хоёр хоногийн өмнөөс тоног төхөөрөмжүүд суурилуулагдаж, туршилт хийгдэж байна. Цаашид монгол морины удмын сан бүрдүүлж хурдан морины уралдаан илүү зохион байгуулалттай, мэдээлэлд суурилсан байдлаар явагдана. Сур харваатай холбоотой хэл ам маргаан харьцангуй бага байдаг. Бүх билет, урилгыг үндэсний комиссоос тогтоосон үнийн дагуу зарж байгаа. Гагцхүү гадны зочиддоо үнэ төлбөргүй урилга тарааж байгаа.
208 орчим ААН-д зөвшөөрөл олгож, олон улсын хоолны өдөрлөг зохион байгуулж, үндэсний үйлдвэрлэгчээ урьж өөрийн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан зарж борлуулах эрх олгоно. Монгол Улсын нэрийн хуудас болсон үндэснийхээ баяр наадмыг өөр байдлаар зохион байгуулах талаар ЗГ-т танилцуулга хийнэ. 1024 бөх барилдана. Долдугаар сарын 10-нд нэг, хоёрын давааны барилдаан болно. Энэ нь үнэ төлбөргүй болно" гэлээ.
