
Хэдхэн жилийн өмнө ердийн нүдний шил мэт харагдаж байсан зүйл өнөөдөр өөрөө бодож, хариулж, орчуулж чаддаг боллоо. Камер, дэлгэц, ярьж харьцах боломжтой AI бүхий энэхүү нүдний шил нь өдөр тутмын хэрэглээнд зориулж бүтээгдсэн байх ба гадаад төрхөөрөө энгийн шилнээс ялгаагүй харагддаг нь яг л асуудлын гол шалтгаан болж байна.Олон улсын CNN сувгийн мэдээгээр Зүүн Азийн "шалгалтад дур хатгасан" нийгэмд энэ технологи аль хэдийн асуудлууд үүсгэж ноцтой бэрхшээл нэгэнтээ болжээ.
Тухайлбал хэдхэн сарын өмнө Өмнөд Солонгос улсад гадаад хэлний түвшин тогтоох шалгалтын явцад хоёр ч удаа ухаалаг шил ашиглаж байсан нь илэрчээ.
Ажилд авах хүмүүсийн түвшинг тогтоох уг шалгалтанд ихэвчлэн ашигладаг байна. Өөр нэгэн жишээ дурьдвал Тайванд бүр өөр байдлаар ашиглагдаж байгаа нь мөн л тогтоогдсон байна. Тус орны нэр хүндтэй анагаах ухааны сургуулийн элсэлтийн шалгалтын үеэр нэгэн шалгуулагч тун чиг хачирхалтай байдлаар шалгалтын хуудас руу ширтэн харж байсныг хянагч анзаарч, шалгаж үзтэл зүүсэн шилний хүрээ нь дулаан ялгаруулж байсан нь тогтоогдсон байна. Эндээс харахад, дээрх тохиолдол хоёулаа нэг зүйлийг нотлож байна.
Нэгдүгээрт, технологи нь нүдэнд харагдахаа больж, харин “харах” чадвар нь эсрэгээрээ эрс сайжиржээ.
Хоёрдугаарт, шилний дотор далдлагдсан камер шалгалтын асуултыг шууд “AI” буюу хиймэл оюуны системд өгөгдлийг дамжуулж, асуултын хариултыг линз дээр нь харуулдаг болсоныг илтгэнэ. Энэ нь зүгээр нэг уламжлалт "хууран мэхлэх” арга гэж үзэхээс илүүтэйгээр шалгалт болох боловсролын үнэлгээний бүх системийг дахин бодох, эргэцүүлэх загварчилах шаардлага үүсэж байгааг харуулж байна. Иймэрхүү хэдхэн тохиолдол л илэрээд байгаа ч, мэргэжилтнүүд үүнийг зөвхөн "мөсний орой" гэж тооцож илрээгүй тохиолдол үүнээс хавьгүй их байж магадгүй гэж таамаглаж байна. Иймэрхүү тохиолдлууд Монголд улсад ч аль хэдийн мэдэгдэж эхэлсэн бөгөөд, гайхалтай нь, олны танил эрхмүүд нийгмийн сүлжээгээр үүнийгээ нуухгүй харуулсан байна.
Жишээ нь Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нийтийн анхааралд өртөж сонирхлыг татсан жишээ болсон. Түүний зүүсэн шил нь анх харахад энгийн мэт ч бодит хүчин чадал нь дотроо орчуулга, текст уншуулах зэрэг функцтэй Even Realities G1 AI шил байсан нь ил болсон. Үүнээс хойш Монгол улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатарын Инстаграм хаягт оруулсан реел бичлэгээс харахад тэрээр Швейцарийн Давосын форумын үеэр Ray-Ban Meta шилээ зүүж, видео бичиглэл хийж байгаа нь мөн л ил болсон. Хэдийгээр эдгээр мэдээллүүдийг нягтлан тогтоох боломж хязгаарлагдмал ч, хэрэв тогтоогдвол, улс орны өндөр түвшний албан тушаалтнууд хүртэл энэ технологийг өдөр тутмын хэрэгсэл болгож эхэлжээ гэж ойлгогдохоор байна.
Бидний өмнө нэг асуулт гарч, хэзээ нэгэн цагт хариулагдах учиртай болно. Тэр нь хиймэл оюун бүхий “AI” нүдний шил нь шалгалтанд ашиглагдаж байгаа нь үнэн бол төрийн өндөр албан тушаалтнууд ашиглаж байгааг юу гэж ойлгох вэ? Өөрөөр хэлбэл аль хэдийнээ хэрэглээнд орчихоод байгаа технологийн хурдыг бид гүйцэж байна уу?, хэрхэн илрүүлэх вэ?, хуульзүйн болон санхүүгийн үр дагаварыг яаж шийдвэрлэх вэ? гэх мэт зүйлс бодит асуулт болон гарч ирэв. Бид асар хурдтай хөгжиж байгаа технологийн шийдлүүд нь аль хэдийнээ нийгмээс хол түрүүлж байгаа цаг үед амьдарч байна.
