m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
2026.06.30 17:55
420
Н.Учрал: Оюутолгой зээлийн хүүг 2.5 хувь бууруулж, ногдол ашиг авна

Өнөөдөр Оюутолгойн хувь нийлүүлэгч талтай зээлийн хүүг бууруулах хэлэлцээр хийж,  амжилттай болсон талаар ерөнхий сайд Н.Учрал, холбогдох сайд нарын хамт мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Н.Учрал "Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа. Манай ЗГ байгуулагдсан цагаасаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум  ам.доллар буюу 8 орчим их наядаар бууруулж, манай талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн сайн мэдээ дуулгаж байсан. Өнөөдөр зуу дахь хоногийн босгон дээрээ Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулж чадлаа. Өр зээлэнд төлөх байсан 6,2 тэрбум доллар 22 их наяд төгрөг хэмнэж, Монголын талын өгөөж 2,2 тэрбум доллараар нэмэгдлээ.

Хоёрдугаарт, Оюутолгойн зээлийн хүүг долоон жил тутам хэлэлцээр хийх цонх нээгддэг байсныг гурван жил тутам эргэн харж хэлэлцдэг болгож  чадлаа. 

Гуравдугаарт, энэ жил бид Оюутолгойгоос ногдол ашиг авна. Энэ асуудлаар "Рио тинто"-той тохиролцож чадлаа. Хэлэлцээрүүдийн үр дүнд Оюутолгойн өр төлбөрт төлөгдөх 8.4 тэрбум ам.доллар буюу 30 орчим их наядын зардлыг бууруулж, ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум ам.доллараар нэмэх боломж бүрдлээ. Оюутолгойн үр өгөөжийг нэмэхээр бид цаашид хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж, үр дүн гаргана. Наадмын өмнөхөн монголчууд эрх ашгаа хаанахын хэний ч өмнө хамгаалж чаддаг гэдгээ батлан харууллаа. 

Сангийн сайд З.Мэндсайхан "Хэлэлцээр 2025 онд эхэлж, маш хүнд нөхцөлд болж өндөрлөлөө. Зээлийн хүү өнөөдөр 10.5 хувь байгааг 7.9 дээр авчирч, 2.5 хувиар буурууллаа. Манай талд ирэх өгөөж 8.7 их наяд төгрөгөөр нэмж чадлаа. Хүүг тогтоохдоо хувь нийлүүлэгчдийн хүү хамгийн сүүлд төлөгдөх өндөр хүү байдаг. Үүн дээр төслийн зээл гэж бий. Үүнийг үнэлээд 7.9 гэдэг нэгдүгээр эрэмбийн зээлээс хамгийн доогуур хүүг тогтоож өгсөн. Манай дотоодын ААН олон улсын зах зээлээс 8.2-8.6-ийн хооронд санхүүжилт босгож байгаа. Үүнээс доогуур хүүг тогтоож чадсан, үр дүнтэй хэлцэл болж чадлаа" гэлээ.