m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
4 цагийн дараа
117
С.Амарсайхан: Монгол Улсын иргэний хуульд заасан цахим хэлбэрээр хэлцэл хийх боломж бүрдэнэ

 ХЗДХЯ-аас боловсруулан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Өнөөдрийн байдлаар нотариатын зарим үйлчилгээг авахын тулд иргэн заавал биечлэн очих, цаасан баримт бүрдүүлэх, олон төрлийн лавлагаа, тодорхойлолт гаргуулах, цаг хугацаа, зардал гаргах шаардлага хэвээр байсаар байна. Тиймээс уг хуулийн төслөөр нотариатын үйлчилгээнд зайн гэрчлэлтийн эрх зүйн үндсийг бий болгож, иргэн тодорхой төрлийн нотариатын үйлчилгээг нотариатчийн ажлын байранд заавал биечлэн очихгүйгээр зайн гэрчлэлтээр авах боломжийг бүрдүүлэхээр тусгажаа. Ингэснээр үйлчлүүлэгч нотариат дээр очихгүйгээр нотартиатын үйлчилгээ авах боломж бүрдэнэ гэсэн үг юм.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Зайн гэрчлэлтийг нэвтрүүлснээр Иргэний хуульд заасан цахим хэлбэрээр хэлцэл байгуулах зохицуулалтыг бодитоор хэрэгжүүлэх, нотариатын үйлчилгээг мэргэжлийн бус этгээд үзүүлэх эрсдэлийг бууруулах, иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх нотариатын үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлэх давуу тал бүрдэх боломжтой” гэдгийг тодотголоо. Түүчнлэн “Нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслөөр нотариатын үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нотариатын үйлчилгээний хүртээмж, чанар, үр нөлөөг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний цахим шилжилтийг дэмжих, нотариатын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны ил тод, тогтвортой байдлыг хангах боломж бүрдэнэ” хэмээн онцоллоо. Энэхүү хуулийн төсөл нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын зорилготой шууд уялдаж байгаа бөгөөд иргэнийг цаасан баримтаас чөлөөлөх, төр болон мэргэжлийн үйлчилгээний давхардсан шаардлагыг бууруулах, нэг мэдээллийг нэг л удаа шаардах, үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломжийг нэмэгдүүлэх, иргэн, хуулийн этгээдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх зорилгыг нотариатын салбарт хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж буйгаараа онцлогтой. Хуулийн төсөл батлагдсанаар иргэд нотариатын зарим үйлчилгээг илүү шуурхай авах, орон зай, цаг хугацааны хязгаарлалтаас үл хамааран цахим хэлбэрээр зайнаас үйлчлүүлэх, баримт бичгийн бүрдүүлэлт, лавлагаа, хуулбарын давхардлыг бууруулах боломж бүрдэнэ. Мөн нотариатын үйл ажиллагааны нэгдсэн бүртгэл, мэдээллийн аюулгүй байдал, мэргэжлийн хариуцлага, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах тогтолцоо сайжирна гэдгийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан тодотгож байна. Нотариатын үйлчилгээ нь зөвхөн баримт бичиг гэрчлэх уламжлалт хэлбэрээс цахим баталгаажуулалт, мэдээллийн найдвартай солилцоо, иргэнд ойр үйлчилгээний шинэ шатанд шилжих боломж ийнхүү бүрдэх юм.