m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
4 цагийн дараа
116
Эрчим хүчний салбарынхан хоёр хуваагджээ

Маргаашаас эрчим хүчний салбар ажил хаялт зарлах уу үгүй юу, энэ салбарынхан тохиролцоонд хүрсэн эсэх нь олон хүний анхаарлын төвд байна. Гэтэл Эрчим хүч, үйлдвэрлэл, геологийн ҮЭ дотроо хоёр хуваагдан, үндсэн ҮЭ-ээс гадна  Дулаан цахилгаан үйлдвэрлэгчдийн холбоо байгуулагдан цалин хөлсний нэмэгдэл дээр санал зөржээ. 

Эрчим хүч, үйлдвэрлэл, геологийн салбараас "Манай ҮЭ-д 22 байгууллага, 6000 гаруй ажилтан хамаардаг. Бид хэлэлцээ хийгээд цалин хөлс дээр зөвшилцөлд хүрээгүй учраас өнгөрсөн сарын 30-наас ажил хаялт зохион байгуулахаар мэдэгдсэн. 

6.29-ны үдээс хойш салбар яамнаас холбогдож, аль аль талдаа ажил хаях нь сайн зүйл биш хэлэлцээр хийх шаардлагатай гэх саналыг тавьснаас бид саналыг хүлээн авч хэлэлцээг тасралтгүй зургаан цаг хийсэн. 

Тухайн хэлэлцээрийн үр дүнд ҮЭ-ийн байгууллагаас тавьж байгаа 30 хувийн цалингийн нэмэгдлийг хүлээн авсан. Тухайлбал, өнөөдрөөс эхлэн эрчим хүчний салбарт ажиллагсдын цалингийн санг 10 хувиар, 10.1-нээс цалингийн санг таван хувиар, ирэх оны долдугаар сарын 1-нээс цалингийн санг 10 хувиар, мөн оны 10 дугаар сарын 1-нээс таван хувиар гэхчилэн үе шаттайгаар 30 хувиар нэмэх саналыг тавьсан.

Бидний зүгээс энэ саналтай холбоотой хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэн, долдугаар сарын 2-н хүртэл 48 цагаар ажил хаялтаа түр зогсоосон.

Манай зүгээс цалингаас гадна бусад 12 заалт дээр хэлэлцээ хийсэн. Зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн. Өнөөдөр бид тохиролцоонд хүрсэн хэлэлцээрийг албажуулахаар хуралдлаа. 

Тэгвэл эрчим хүчний салбарт дулаан цахилгаан үйлдвэрлэгчдийн холбоо шинээр байгуулагдаан,  хэлэлцээрт хамт орж байгаа. Гэвч энэ холбоо цалинг эхний ээлжид 10 хувиар нэмэхийг хүлээн аваагүй, хоёр ҮЭ санал зөрөлдсөн.

Өөрөөр хэлбэл манай холбоо салбар яамны саналыг хүлээж авсан бол нөгөө холбоо эхний ээлжид 15 хувиар цалингаа нэмнэ гэх байдлаар санал шаардлага тавьж байна. Магадгүй тус холбооны харьяа байгууллага маргааш ажил хаялт зарлах тухай яаманд мэдэгдэл хүргүүлсэн байна лээ. Бид ажил хаялтад хүрэхгүйгээр зөвшилцлөөр асуудлыг шийдэхээр хичээсэн. 

Үндсэн цалинг 15 хувиар нэмэх, цалингийн санг 15 хувиар нэмэх хоёр зөрүүтэй. Тодруулбал, үндсэн цалинг 15 хувиар нэмбэл өндөр цалинтай хүмүүсийн цалин дагаж нэмэгддэг. Тиймээс цалингийн сан буюу тухайн жилд батлагдсан цалингийн санг 10 хувиар нэмснээр бага цалинтай хүмүүсийнхээ цалинг 15-20 хувиар нэмье. Арай ахиу цалинтайг нь багаар нэмье гэх дотор нь маневр хийх шаардлагатай гэдэгт ҮЭ, яам тохиролцоонд хүрсэн" гэлээ. 

Ийнхүү дээрээсээ АН, МАН хоёр хуваагдаж, боловсролын салбарын ҮЭ мөн л хоёр хуваагдан хоорондоо түнжин хагарч байсан бол энэ удаад эрчим хүчний салбарын ҮЭ мөн хоёр хуваагдлаа. Маргааш зарим хэсэг нь ажил хаяж, нөгөө хэсэг нь ажил хаясан нэгнийхээ ажлыг давхар хийж, илүү их ачаа үүрэхнээ.