

Зургаадугаар сарын 9-нд болсон Төрийн цэргийн байгууллагын аварга шалгаруулах марш тактикийн тэмцээнээр хоёр цэрэг машинд дайруулж бэртсэн юм. Нэг байлдагчийн элэгний эд бяцарсан тул яаралтай хагалгаанд орж, одоогоор биеийн байдал сайжирч байна. Нөгөө байлдагч хэвийн жагсаалдаа орсон гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Жанжин штабын ерөнхий орлогч Ж.Өсөхбаяр: “Зэвсэгт хүчний дугаар ангийн хоёр байлдагч харамсалтайгаар бэртэж, эмнэлгийн тусламж яаралтай үзүүлснээр нэг байлдагч хэвийн жагсаалдаа орсон. Нөгөө байлдагчийн биеийн байдал харьцангуй сайжирч байна. Одоогийн байдлаар цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тэр даруй албаны шалгалт хийж, дүгнэлтээр хариуцлага алдсан, санамсар болгоомжгүйгээс болж осол гарсан гэсэн дүгнэлт хийсэн. Осол гаргасан буруутай албан тушаалтнуудад Төв аймгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагага явуулж байна.
Гардан тулааны тоглолт үзүүлж байхдаа осол гаргасан. Тухайн баг тамирчид эзлэгдсэн обьектыг чөлөөлөх ажиллагааг үзүүлж байх явцдаа машинд дайруулсан. Манай цэргүүд долоон сар алба хаачихсан цэргүүд учраас байлдааны машин техниктэй харьцаж, дадлагажаад үүрэг гүйцэтгэхэд бэлэн болчихсон бие бүрэлдэхүүн юм.
Жолооч, болон зарим бие бүрэлдэхүүнтэй холбогдох асуудлыг цагдаагийн байгууллагаас хянан шалгаж байгаа. Тэмцээнийг удирдан ажиллаж байсан найман цэргийн алба хаагчийг албан тушаал чөлөөлөх болон бусад хариуцлагыг тооцсон.
