

Оросын Батлан хамгаалах сайд 2025 онд нууц тушаал гарган, Оросын цэргийн алба хаагчдыг БНХАУ-д тусгай сургалтад хамруулахыг зөвшөөрсөн талаар Reuters агентлаг Европын албаныхан болон нууц баримтад тулгуурлан мэдээллээ. Уг сургалтад хоёр улсын өндөр албан тушаалын цэргийн удирдлагууд оролцсон бөгөөд цацраг, химийн болон биологийн хамгаалалтын чиглэлээр мэргэшүүлэх хөтөлбөр хэрэгжсэн гэж эх сурвалжууд үзэж байна. Reuters-ийн үзсэн баримтад Оросын цэргийн төлөөлөгчид Хятадын Ардын Чөлөөлөх Армийн сургалтын төвүүдэд хэдэн долоо хоногийн сургалтад хамрагдсан бөгөөд химийн тагнуул, цацрагийн тандалт, бохирдлоос хамгаалах арга ажиллагааг судалсан талаар дурджээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам энэ мэдээллийг үгүйсгэж, Украин дахь дайны асуудлаарх байр суурь нь өөрчлөгдөөгүй, дээрх мэдэгдлүүд үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна. Энэхүү мэдээлэл Европын орнуудад шинэ түгшүүр төрүүлээд байна. Европын Холбооны албаныхан Орос, Хятадын батлан хамгаалахын хамтын ажиллагаа улам гүнзгийрч байгааг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд хэрэв мэдээлэл бүрэн батлагдвал Бээжинд хандах бодлогоо дахин үнэлэх боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ Кремль уг мэдээлэлд шууд тайлбар өгөхөөс татгалзаж, өмнө нь барууны хэвлэлүүд "худал мэдээлэл" түгээж байна гэж мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: EXCLUSIVE: Russia approved secret China military training at top level, sources say | Reuters
