m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төрийн нам
7 цагийн дараа
124
Х.Тэмүүжин: УИХ-ын дарга намын даргынхаа хүслийг гүйцэлдүүлэгч хуулийн танхим шиг ажиллаж болохгүй

УИХ дахь АН-аас 4:11 хэвлэлийн хурлаараа өргөн барьсан хуулийн төсөл, хууль батлагдаж буй процессын талаар мэдээллэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Ардчилсан нам төрийг цомхон байлгах, дарга нарыг цөөн байлгах зорилготой. Нэг үгээр татвар бага байлгах зорилготой. Тиймээс иргэн Шинэгэрэлийн санаачилсан ХХОАТ-ын нэг хувь болгох санаачилга зургаахан хоногийн дотор 100 мянга давснаас АН хуулийн төсөл болгон өргөн барьсан ч харамсалтай нь дэмжээгүй. Бид цаашид засгийн эрхийг авбал ямагт татварыг бага байлгаж, бизнесүүдээ дэмжих, төрийг бага мөнгөтэй байлгаж, улс төрчдийн зарцуулдаг мөнгийг багасгахын төлөө явах болно. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Улс төрийн эрх чөлөөтэй, эдийн засгийн эрх чөлөөтэй байж ардчилсан улс болно гэж үздэг. Харамсалтай нь МАН төр барьсан цаг хугааанд төрийн оролцоо улам нэмэгдлээ. ДНБ дэх татварын ачаалал 38 хувьд хүрсэн, ТӨК-уудын борлуулалтын орлого 25 их наяд буюу ДНБ-ийн гуравны нэгд хүрсэн гэхчилэн тоо баримтууд байна. Тиймээс монгол хүн бүрийн эдийн эрх чөлөө хумигдаж байгаа цагт бид Эдийн засгийн эрх чөлөөний хуулийг санаачилсан. Хуульд цаашид эдийн засгийн харилцаанд төрийн оролцох хувь хэмжээг тодорхой болгосон. Төр хувийн хэвшилтэй ямар ч нөхцөлд өрсөлдөхгүй, үнэ тогтоохгүй, татварын хувь хэмжээ нам дор байх, ТӨК хууль, үндэслэлгүйгээр байгуулахгүй байх гэхчилэн төрийг хязгаарласан зүйл заалттай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслийг ЗГ-аас өргөн барьсан бизнесийн эрх чөлөөний тухай хуультай нэгтгэн хэлэлцүүлээд өнөөдөр чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг хийх гэж байна.  

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Гурван ерөнхий сайд, гурван УИХ дамнан яригдсан парламентын ардчиллын тухай үйл явцын тухай хуулийн талаар ярих гэж байна. Ерөнхий сайд УИХ-ын тархин дээр сууж болохгүй, намын даргад өрсөлдөх хүн УИХ-ын даргалж болохгүй гэх хоёр зарчим байсан. Энэ нь олон намын төлөөлөл бүхий парламент мэтгэлцэж, мэтгэлцээний үр дүнд иргэддээ мэдээлэл өгч, ил тод нээлттэй байж ЗГ хянах үйл ажиллагаа явуулах зарчим байсан. Мэтгэлцдэг зарчмыг бид бий болгосон ч аль нэг намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэх зарчмыг тавьсан ч биелэгдэхгүй гурав дахь УИХ-ын даргын нүүр үзэж байна. 

Мэтгэлцээнийг удирдаж байгаа УИХ-ын дарга намч байж болохгүй. Нэг ЗГ, намын даргын хүслийг гүйцэлдүүлэгч хуулийн танхим шиг УИХ-ын танхимыг удирдаж болохгүй. УИХ-ын тархин дээр ерөнхий сайд, УИХ-ын дарга хоорондоо шивнэлдээд хуулиудыг батлуулах, машиндах үйл явц хийж байна" гэлээ.