

Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Шархаднаас зүүн тийш, Улиастайн голын зүүн эрэг орчмын ногоон ширгэн дээр их хэмжээний барилгын хог хаягдал асгаж байгаа талаар иргэд мэдээллээ.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Амгалан орчимд байрлах хуучин геологийн барилгыг нураасны дараах барилгын хогийг энэхүү газарт зөөвөрлөн авчирч асгаж байгаа аж.
Тухайн бүс нь Улиастайн голтой ойр байрладаг бөгөөд сүүлийн жилүүдэд булаг шанд нэмэгдэж, усархаг, намаг ихтэй болсон талаар оршин суугчид ярьж байна. Үүний улмаас зарим айл өрх газраа тэгшлэх зорилгоор шороо асгуулдаг.

Харин энэ удаад газар тэгшлэх нэрийдлээр их хэмжээний барилгын хогийг айлуудын үүд, ногоон зүлэг болон гудамж талбайд хүртэл асгасан байна. Ойр орчмын оршин суугчдын хэлснээр хог хаягдал нь зөвхөн тухайн талбайд бус, зорчих хэсэг рүү ч тархаж, орчны бохирдол, тоосжилтыг нэмэгдүүлээд байгаа аж.
Иргэд энэ асуудлаар хороо, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Экологийн цагдаагийн алба болон 11-11 иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах төвд удаа дараа хандсан ч тодорхой хариу хэлээгүй байна.

Тэдний ярьснаар хог тээвэрлэсэн автомашинууд ихэвчлэн ажлын цаг дууссаны дараа оройн цагаар ирж хогоо асгадаг бөгөөд шөнийн цагаар техник ашиглан асгасан хогоо тэгшилдэг байна. Ийм байдлаар хяналт сул үеийг ашиглан үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа хэмээн оршин суугчид үзэж байна.
Тухайн газарт очиж нөхцөл байдалтай танилцан, холбогдох байгууллагаас тодруулга авахаар харьяа БЗД-ийн 35-р хорооноос мэдээлэл авах гэсэн боловч шат шатны байгууллагад мэлээллийг хүргүүлсэн өөр зүйлгүй гэх хариуг хэлэн мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Голын хамгаалалтын бүс болон ногоон байгууламжид барилгын хог хаягдал асгах нь хөрс, усны бохирдол үүсгэх эрсдэлтэйгээс гадна иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд сөргөөр нөлөөлж буйг оршин суугчид онцолж, холбогдох байгууллагууд яаралтай шалгалт хийж, хууль бус хог асгалтыг таслан зогсоохыг шаардаж байна.
