

Гурван өдөр барилдана гэдэг бөхчүүдэд хүнд тусна. Барилдааныг сунжруулснаар найраа гэх мэт асуудал гарах орон зай үүснэ. Харин даваа хоорондын хугацаа богино байвал ийм зүйл гарах боломж бага.
Өглөөнөөс орой хүртэл, нар хэвийтэл сайхан барилдаан үзүүлэх нь зөв зохион байгуулалт гэж үзэж байна. Энэ асуудал дээр зохион байгуулагчид бөхчүүдийнхээ саналыг сонсох хэрэгтэй.
Монгол төрийн наадамд бөхчүүд есөн хөлт цагаан тугандаа мөргөж барилдаанаа эхэлдэг уламжлалтай.
Гэтэл есөн хөлт цагаан тугаа залаагүй байхад нэг, хоёрын давааг явуулна гэдэг нь Монголын үндэсний ёс заншил, өв уламжлалыг үл хүндэтгэсэн хэрэг гэж харж байна.
Энэ жил Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой тохиож, 1024 бөх барилдуулахаар төлөвлөж байгаа. Ийм түүхэн ойг тэмдэглэж байж есөн хөлт цагаан туггүйгээр барилдаан эхлүүлэх нь үндэсний бахархал, уламжлалын эсрэг шийдвэр юм.
Миний ойлгож байгаагаар Шадар сайд Н.Номтойбаяр нь бөхнийн холбооны тэргүүн Ц.Магалжавийн саналыг сонсож байгаа. Харин бөхийн холбооны тэргүүн нь өөрийн өмнө гаргасан цол олгох барилдаан явуулсныхаа балгийг баллах гэж нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд явуулах санал гаргаж байна. Өмнө нь хууль зөрчсөн шийдвэрүүдээ далдлахын тулд ийм зохион байгуулалт хийж байгаа мэт харагдаж байна.
Энэ асуудалд ерөнхийлөгч анхаарал хандуулах шаардлагатай. 820 жилийн ой бол Монголын түүхэн ач холбогдолтой үйл явдал юм.
